Газрын нөөцийг шинээр тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Газрын нөөцийг шинээр тогтоожээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Улаанбаатар хот дахь газар өмчлөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссон юм. УИХ-аас 2002 оны зургадугаар сарын 22-нд Газрын тухай хуулийг батлан гаргаж, хэрэгжих хугацааг 2003 оноос зааж өгч байжээ. Түүнээс хойшхи хугацаанд иргэд  газраа өмчлөх харилцаанд шилжсэн. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд 88138 иргэн 4801 га газрыг өмчилсөн. Мөн энэ оны тавдугаар сарын байдлаар  шинээр 177 га газрыг 3741 иргэнд эзэмшүүлжээ. Албаны хүний тодотгосноор нийслэлийн газар дууссан нь тулгамдсан асуудал болжээ. Судалгаагаар буюу тодруулж хэлбэл, УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж байсан 2002 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 200 мянга орчим өрх амьдарч байсан гэнэ. Харин дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчлөх эрхтэй иргэдийн тоо 1 сая 150 мянгад хүрсэн аж. Газар өмчлөх эрхтэй иргэдийн тоо ийн өсөхөд шилжилт хөдөлгөөн бас нөлөөлжээ. Ажилгүй, орлого багатай иргэд амьжиргаа хөөн хот бараадан суурьшихаар ирж буйг буруутгах аргагүй ч, нүүдэл энэ хэвээр зогсохгүй үргэлжилсээр байвал гарах сөрөг үр дагаврууд улам лавшрах гэнэ. Одоогоор хөдөөнөөс шилжиж ирсэн 216 мянган иргэн зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй газруудад хашаа хатган буужээ. Хамгийн аюултай нь тэдгээр  иргэдийн дунд өндөр хүчдэлийн шугам, эсвэл үер буух газарт хашаа хатгасан нь цөөнгүй. Нүүлгэн шилжүүлэх бичиг өгөхөөр “Монгол Улсын иргэн хаана ч хашаа хатган амьдран суух эрхтэй” гэж Үндсэн хуульд заасан тул төр гэх далбаан дор хүчлэх алба байхгүй шүү гэж сөрдөг. Амь нас аюулд орохоосоо өмнө нүүх хэрэгтэй байна хэмээн учирлаж шинээр суурьшлын бүс зааж өгдөг ч хол газар явахгүй хэмээн суусаар байгаа. Энэ мэтчлэн газартай холбоотой тулгамдаж буй асуудал цөөнгүй аж.

Нэгэнтээ газрын нөөц тулгамдсан асуудал болсон тул холбогдох газрууд шинээр нөөц газар тогтоох ажлыг хийжээ. Ямартай ч,  Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн 980 га газарт нөөц байгааг тогтоосон байна. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын 369-ын гарам орчимд 170,8 га, мөн дүүргийн 20 дугаар хороо Хурганы сангийн аж ахуйд 350 га газар, Төмөр замын 324, 335, 347 дугаар зөрлөгүүдийн орчимд мөн Жаргалант тосгон дахь Аюут эмгэнэтийн аманд 100 га газар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Гавжийн шанд, Өлзийт хороололд тус бүр 100 га газар, Баянзрх дүүргийн 20 дугаар хороо Бага булаг, Баяндөхөмийн аманд 112 га газарт суурьшил бий болгох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд хийжээ.

Мөн нөөц газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын дагуу нийт 15274 иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ дагуу Төв аймгийн арван байршилд, 9961 иргэнд, Архангай аймгийн зургаан байршилд 239 иргэнд, Өвөрхангай аймагт есөн байршилд 290 иргэнд, Сэлэнгэ аймагт мөн есөн байршилд 4784 иргэнд тус бүр газар өмчлүүлэх боломжтой гэж үзжээ.

Дэд бүцтийг шийдээд, сургууль, эмнэлгүүд байгуулчихвал аяндаа дээрх газруудад суурьшил бий болно. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэйгээс гадна цаг хугацаа ч бас шаардах бололтой. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас газрын нөөц хомсдсон энэхүү байдалд дүн шинжилгээ хийж үзээд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн зөв гарц гэж үзжээ. “ЖАЙКА”-гийн судалгаа ч ийм зөвлөмжийг өгч буй гэнэ. Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд газраа байраар солих, мөн амьдарч байгаа газраа ая тухтай болгох үүднээс тордох гээд олон ажлыг хийх зүй ёсны шаардлага тулгарч эхэлжээ. Нэг зүйлийг онцолход, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг таван жилээр сунгасан бөгөөд хуулийн энэхүү үйлчлэлийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм байна. Тиймээс иргэдийн хувьд газраа өмчилж авах талд шуурхай хандахгүй бол ердөө жил гаруйхны хугацаа үлджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж