Н.Энхбаярын туслахыг яагаад баривчлав

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын туслахыг яагаад баривчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг өчигдөр орой УМБГ-аас баривчилжээ. Б.Тулга 2009 он хүртэл буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бүрэн эрхийг дуусах хүртэл түүний шадар туслахаар ажиллаж байсан юм. Түүний дараа АНУ-ын Нью-Йорк хотод Эдийн засгийн их сургуульд суралцан, магистрын зэрэг хамгаалаад эх орондоо иржээ. Түүнийг харьж ирээд хэдхэн хонож байхад ийм явдал болсон байна. 

Өчигдөр 15.00 цагийн үед УМБГ-ын ажилтнууд түүнийг албадан саатуулах гэхэд Б.Тулга зөвшөөрөлгүй, эхлээд өмгөөлөгчдөө хандана гэдгээ мэдэгдсэн ч цагдаа нар хүч хэрэглэн хувцас хунарыг нь урсан талаар өмгөөлөгч О.Баасанхүү хэлж байв. Өмгөөлөгч нь түүнтэй уулзахаар өчигдөр орой УМБГ дээр TY-9 телевизийн сэтгүүлчидтэй очиход Б.Тулгын хаана байгаа талаар тоймтой хариу өгөхгүй, баривчилсан хүмүүсийн утсыг өгөхийг хүсэхэд тийм ч нааштай хандахгүй байгаа нь харагдсан.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Тулгад ямар нэг гэм буруу байхгүй бөгөөд харин түүний төрсөн ах Б.Хуягийг Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлалд оролцсон хэмээн хардаж буй бололтой юм. Мөн энэ хэрэгт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг буруутган АТГ-т өгч, ажлын хэсэг байгуулсан гэж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн УМБГ-аас баривчлахаар өргөөнийх нь үүдэнд машин тэрэгтэй очиж байсан юм. Хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлалын талаар дээрээс яригдаж хэд хэдэн хүнийг барьж тавьсан үйл явдал ийнхүү үргэлжилж байгаа бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж