Орчны аюулгүй байдлаар сонсгол хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Орчны аюулгүй байдлаар сонсгол хийв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдэвт нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Я.Батсуурь удирдав. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд оролцов.

Нээлттэй сонсголд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ” сэдвээр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле “Уур амьсгалын өөрчлөлт газрын доройтлын үр дагаврыг бууруулах нь” сэдвээр, Усны газрын орлогч дарга З.Батбаяр “Усны нөөцийн хомсдлоос сэргийлэх нь” сэдвээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат “Биологийн олон янз байдлыг хадгалах, ашиглалт ба хамгаалалт” сэдвээр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай “Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдвээр, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, судлалын төвийн доктор Б.Равжаа “Хүрээлэн байгаа орчин ба цэргийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Илтгэлүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, З.Энхболд, Д.Хаянхярваа нарын гишүүд нээлттэй сонсголд оролцогчдоос асуулт асууж, хариулт авлаа. Нээлттэй сонсгол дээр УИХ-ын гишүүдийн зүгээс маш чухал асуудлыг хөндөж нээлттэй сонсгол хийж байгаа нь цаг үеэ олсон асуудал болсныг тэмдэглээд, цаашид энэ чиглэлээр нилээн өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь тавьсан илтгэлүүд болон гишүүдийн асуусан асуулт, гаргасан саналтай холбогдуулан товч дүгнэлт хийж, нээлттэй сонсгол өндөрлөв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж