Мануэль Нойер 500 мянган евро хожив

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Мануэль Нойер 500 мянган евро хожив

Германы шигшээ болон “Байерн Мюнхен” клубын хаалгач Мануэль Нойер “Who wants to be a millionaire?” шоу нэвтрүүлгийн Герман хувилбарт нь оролцож, оюун ухаанаа сорьжээ. RTL телевизээр гардаг тус нэвтрүүлгийн тусгай дугаарт урлаг соёл, спортын салбарын олны танил эрхмүүдийг урилгаар оролцуулсан бөгөөд тэдний хожсон мөнгийг хүмүүнлэгийн үйлст хандивласан байна. Нойерийн хувьд “Саятан” нэвтрүүлгээс 500 мянган евро хожжээ. Хамгийн эцсийн, нэг сая еврогийн төлөөх асуулт нь “Нюрнбергийн Мартин Бехайм юу бүтээсэн бэ?” гэсэн байж. Харин хариултууд нь А: Луужин, В: Нарны цаг, С: Дэлхийн бөмбөрцөг, D: Соронзон луужин гэсэн сонголттой байсан гэнэ. Нойер хэсэг хугацаанд бодсоны эцэст нэлээд хэдэн асуултад хариулж байж олсон мөнгөө алдахыг хүссэнгүй, “За энд хүрээд больё” гэсээр асуултад хариулахаас татгалзжээ. Зөв хариулт нь С хувилбар байсан юм.

Мөн тус нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс дуучин Майти Келли, хошин урлагийн жүжигчин Майкл Миттермейер нар тус тус 125 мянган евро, жүжигчин Гэби Кёстр 64 мянган евро хожжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж