“Инсбрук-2012”-т оролцох тамирчинд батламж гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Инсбрук-2012”-т оролцох тамирчинд батламж гардуулав

Олон улсын олимпийн хорооноос санаачилсан өсвөрийн анхдугаар цагаан олимп ирэх оны нэгдүгээр сард Австрийн Инсбрук хотноо болно. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн тус хотод өсвөрийн өвлийн олимп 2012 оны нэгдүгээр сарын 13-22-нд болох бөгөөд дэлхийн сор болсон өсвөрийн тамирчид цас, мөсний долоон спортын төрөлд 63 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл, Монгол Улсаа төлөөлж, Инсбрукийн цасан замд уралдах эрх авсан гүйлтийн цанын тамирчин Д.Өсөхбаярт өнөөдөр олимпийн наадамд оролцох батламжийг нь гардууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын албан өрөөнд болсон тус арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга, Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нарын албаны хүмүүс оролцож, өсвөрийн залуу тамирчин Д.Өсөхбаяр болон түүний дасгалжуулагч Д.Ичинхорлоо нарт олимпийн эрхийн батламж гардуулсан юм.

Төв аймгийн Борнуур сумын дунд сургуулийн сурагч Д.Өсөхбаяр энэ жил 16 настай. 2007 оноос эхлэн цанын спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр 2010 оны улсын хошой аварга, 2011 онд УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Тэрбээр дасгалжуулагч багшийн хамт “Хандгайт” баазад очиж, өсвөрийн цагаан олимпийн наадмын бэлтгэлээ базаах бөгөөд оны эхээр Австрийг зорих юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж