Эцгийнхээ замаар орсон Сейф аль-Ислам

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Эцгийнхээ замаар орсон Сейф аль-Ислам

Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламд цаазын ял ноогдож  магадгүй байна. Түүнийг ноцтой гэмт хэргүүдийн төлөө шүүх болно гэж Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн Хууль зүйн сайд Мохаммед аль-Алажи мэдэгдлээ. Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг  хийсэн ялаар Сейф аль-Исламыг шүүх бөгөөд шүүх ажиллагаа нээлттэй болж олон улсын стандартаар хийгдэх ажээ

Түүнийг баривчилсан босогчдод тэрээр суллан тавьж явуулбал хоёр тэрбум ам.долларын авлига санал болгосон тухай яригдаж байна. Босогчид түүнийг нь үл зөвшөөрөн “хувьсгалыг доромжилсон хэрэг” гэж үзсэн тухай Оросын  ИТАР-ТАСС агентлаг дамжуулсан байлаа.

Олон улсын шүүх түүнийг хүмүүн­лэгийн эсрэг гэмт хэрэг хий­сэн гэж зургадугаар сарын 27 баривч­лах шийдвэрээ гаргасан байна. Мөн түү­нийг Ливийн шинэ засаг Интерполоор дамжуулан хайж байсан юм. 

Сейф аль-Ислам тухайн цагтаа Каддафийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцогдож байлаа. Хурандааг алагдсаны дараа түүнийг Ливийн цөлд нуугдаж байгаа гэсэн цуу яриа байв. Интерполын хайж байгаа Каддафийн бас нэг хүү Саади одоо Нигерт нуугдан бүгж байна.

Сейф аль-Ислам нь Мауммар Каддафийн хоёр дахь хүү ба хоёр дахь эхнэрийнх нь анхны хүү. Тэрээр 1972 онд Триполи хотноо төржээ. Бага зулуугаасаа улс төр хөөцөлдөж, нэг биш удаа Каддафийг олон улсын яриа хэлэлцээрт төлөөлж байлаа. Ливийн “Аль-Фатех” их сургуулийг “уран барилгач, инженер” мэргэжлээр төгсгөжээ.

Тэрээр 1997 онд буяны салбарын хамтын ажиллагааны олон улсын санг байгуулж, Хар тамхинд хяналт тавих Ливийн  үндэсний нийгэмлэгийг тол­гойлох болжээ. Сейф аль-Ислам афганы “Талибан” хөдөлгөөн, филиппины “Абу Сайяф”  гэх Засгийн газрын эсрэг бүлэглэлийнхэнтэй барьцааны хүмүүс тэдний тоонд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдийг чөлөөлөх асуудлаар  хэлэлцээр хийж байлаа.

2000-аад оны эхээр тэр Австрид биенесийн сургуульд дараа нь Лондоны эдийн засгийн сургуульд суралцжээ. Ливи ба барууны хооронд харилцааг тогтворжуулахын төлөө нийтэд гарган хэлж байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэрээр Каддафийн буяны сан гэдгийг байгуулан Ливичуудын зохион байгуулсан террорт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхвөр төлж байв. Сан Швейцарид бүртгэгджээ. Сейф аль-Ислам Ливи дэх хүний эрхийг зөрчсөн мэдээллийг нийтлэхийг уриалан улс төрийн зарим хоригдлуудыг суллуулахын төлөө 2005 онд үгээ хэлж байв. Эцгийнхээ бодлогыг зарим талаар шүүлжлэн өөрийн нийтлэлүүддээ Ливийн Үндсэн хуулийг батлан Хүний эрхийн түгээмэл тунхагт нэгдэхийг уриалж байжээ.

Тэрээр улс төрөөс холдохоор, үүнийгээ 2008 онд зарлаад 2009 онд Ардчилал, хүний эрх ба хөгжлийн арабыэ эвслийг байгуулсан байна. Энэ жилийн хоёрдугаар сард Ливид эцгийнх нь эсрэг бослого эхэлсний дараа бо­согчдыг “террористууд” гэж нэрлэн ха­туу арга хэмжээ авах шаардлагатай хэмээн хэвлэл мэдээллийн өмнө эцгий­гээ төлөөлөн мэдэгдэж эхэлсэн юм.

Хэдэн сарын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Каддафи ба түүний хүрээнийхний эсрэг хориг арга хэмжээ авсаны дараа Сейф аль-Исламд олон улсын эрэл зарласан байна. Эцэг нь алагдсаны дараа тэрээр Ливийн нутгийг орхин гарахгүй гэдгээ мэдэгдэн тэмцлээ дуустал үргэлжлүүлнэ гэсэн байв. Хэсэг хугацааны дараа Ливийн эрх баригчид түүнийг шүүхэд “буун өгөхөд бэлэн байна” гэж байлаа.

Аравдугаар сарын сүүлчээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Луис Морено-Окампо ал­бан бусаар Сейф аль-Исламтай хэлэл­цээрийг зуучлагч нараар дамжуулан хийж байгаа гэсэн байв. Түүнийг  шудар­гаар  шүүх юм бол Каддафийн хүү бууж өгөхөд бэлэн гэдгийг Морено-Окампо мэдээлснээс хойш ямар нэгэн мэдээ алга байлаа.

Ливийн шинэ Засгийн газар Каддафийн хүүг Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэхээс татгалзжээ. Энэ үеэр Ливийн тагнуулын албаны дарга байсан, Каддафийн хамаатан Абдулла ас-Сенуссийг тус орны өмнөд нутгаас босогчид баривчилсан тухай мэдээлж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж