Хямралын дөлөн дээрх араб улстөр

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Хямралын дөлөн дээрх араб улстөр

Египет

Тахририйн хувьсгалын эерэг имижийг үгүй хийсэн бослого тэмцэл Египетэд ар араасаа цувран гарч эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Египетийн нийслэл Каир хотын төв талбайд тус улсын засаг төрийг барьж байгаа цэргийнхний засаглалыг эсэргүүцэгчид цуглаж цэрэг цагдаа нартай мөргөлдсөнөөс болж олон хүний амь үрэгдсэн юм. Жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг цэргийнхэн нулимс асгаруулагч хий хэрэглэж,резинин сумаар буудан, бороохойгоор жанчсанаас болж өнгөрсөн бямба гарагт хоёр хүн, ням гарагт 11 хүн алагджээ. Мөн 900 гаран хүн шархдаж бэртсэн мэдээтэй байгаа юм. Одоо баттай тогтоосноор бол энгийн иргэдээс резинин суманд буудуулж нас барсан болох нь батлагджээ. Энгийн үед хөл хөдөлгөөнтэй байдаг Каирийн гудманд тээврийн хэрэгсэл явахаа больж бүх дэлгүүр болон олон нийтийн үйлчилгээний газрууд хаагдсан байгаа гэнэ. Мөн Каираас гадна Александрия зэрэг хэд хэдэн хотод бослого гараад байгаа юм байна.

Удаан хугацаанд тус орныг ганцаар захирч байсан Хосни Мубаракийг огцруулж шинэ парламентийг байгуулах сонгууль хаяанд ирчихээд байгаа ч Египетийн улстөрийн нөхцөл байдал тогтвортой болсонгүй. Тахририйн хувьсгалын дараахнаас шашин хоорондын мөргөлдөөн хэд хэдэн удаа гарч энгийн иргэд олноор үрэгдэн өнөөгийн эрх баригч цэргийнхний явуулж байгаа бодлого,үйл ажиллагаанд итгэх египетчүүдийн тоо улам бүр цөөрсөөр байгаа ажээ. Каирт болж байгаа үйл явдлыг бодитоор харж сурвалжилсан гадаадын мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээс үзэхэд жагсаал цуглаанд оролцож байгаа египетчүүд Тахририйн талбайг дахин бослого тэмцлийн төв болгох сонирхолтой байгаа юм байна.

Олонх мэдээллийн сувгаар босогчдын тоо сүүлийн саруудад байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж байгаа гэжээ.Тэмцэлд уриалж байгаа иргэдийн яриагаар бол египетчүүд одоогийн засгийн газраас ардчилсан шилжилтийг хийнэ гэдэгт итгэхгүй байгаа юм байна.Мөн босогчид долоо хоногийн дараа явуулахаар товлогдоод байгаа Египетийн парламентийн сонгуулийн дараа гарч ирэх шинэ засаг төрд ч итгэхгүй гэж байгаа аж. Учир нь одоогоор төслийн хэмжээнд боловсруулсан тус улсын шинэ үндсэн хууль нь цэргийнхэнд асар их эрх мэдлийг өгөхийг зөвшөөрсөн агуулгатай байна хэмээн шүүмжилжээ.Тиймээс босогчид парламентийн сонгуулийн дараа батлахаар төлөвлөж буй тус улсын шинэ үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Нөгөө талаар энэ бүх бослого тэмцэл, тогтворгүй байдал бий болж байгаа нь суудлаасаа огцорсон ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн нөлөө одоо ч хүчтэй байгааг харуулж байгаа  юм гэж нэгэн тэмцэгч хэлсэн байна. Бослогод оролцож байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь залуучууд бөгөөд голцуу ислам шашинтнууд байгаа юм байна. Тэд эрх барьж байгаа цэргийнхний толгойлогч маршал Тантавиг огцрохыг шаардаж байгаа гэнэ. Түүний оронд энгийн хүнээр засаглалыг удирдуулах нь ардчиллын шилжилтийг явуулах цорын ганц боломж хэмээн үзэж байгаа ажээ.

Египетийн 80 сая гаран хүн амын дунд явуулах парламентийн сонгууль нь гурван сар үргэлжлэх бөгөөд ийм урт хугацааны сонгуулийн үйл ажиллагаа одоогийн тогтворгүй улстөрийн нөх­цөлд амжилттай явагдах асуудал эр­гэл­зээтэй болж иржээ. Энэ сарын эхээр одоогийн эрх баригчид буюу цэр­гийнхэн тус улсын шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж гаргасан бөгөөд энэ хуулийн гол заалтуудын нэг нь цэргийнхнийг иргэний засаглалын хяналтаас чөлөөлөх асуудал байсан аж. Өөрөөр хэлбэл цэрэг армийн  төсөвтэй холбоотой асуудлыг хяналтаас гаргаж байгаа гэсэн үг хэмээн эсэргүүцэгчид нь тайлбарлаж байгаа юм. Энэ асуудал эсэргүүцлийн хөдөлгөөний бас нэг гол шалтгаан болж байгаа бололтой.

Сири

Сири улсад олныг хамарсан жаг­саал цуглаан зохион байгуулж, тэмцэж боссон иргэдийн өөдөөс хүчний бай­гуул­лагынхан хатуу ширүүн арга хэм­жээ авч байгаагаас болж 3500 энгийн иргэн амь үрэгдээд байна гэж НҮБ мэдэгдлээ. Энэ хүчирхийллийг нэн да­руй зогсоож, Сирийн одоогийн эрх ба­ригчдыг эсэргүүцэгчдийн эсрэг хүчир­хийллийн арга хэрэглэхийг бо­лихыг шаардсан Арабын орнуудын лигийн шаардлагын хугацаа өнгөрөгч ням гарагт дууссан байна. Сири улс энэ шаардлагыг хүлээж авч байгаа ямар ч хандлага харуулаагүйгээр барах­гүй харин ч тус улсад болж байгаа хүчир­хийллийг зогсоох арга зам эрэлхийлсэн төлөвлөгөөгөө өөрчлөхийг Арабын орнуудын лигээс шаарджээ.

Арабын орнуудын лиг Сирийн нөхцөл байдлыг хянах үүрэг бүхий 500 төлөөлөгчийг тус улсад илгээхээр болсон бөгөөд Дамаскад болж байгаа хямралт байдлыг намжаахын төлөө бололцоотой бүхнийг хийхэд бэлэн гэдгээ нотолсон юм. Харин Сирийн удирдлагууд энэ төлөвлөгөө нь тус улсын дотоод хэрэгт оролцож байгаа асуудал хэмээн үзээд, “хүлээж авах боломжгүй санал” гэж хариу мэдэгдэж байна. Мөн Сирид илгээх 500 төлөөлөгчийн тоог 40 хүртэл бууруулахыг шаардсан аж.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад хэлэхдээ өөрийн улс орныг “гадаад орнуудын дарамт шаардлагад хэзээ ч бууж өгөхгүй” гэж мэдэгдээд мөргөлдөөн цаашид ч гарч болзошгүй гэж хэлсэн байна. Тэрээр Британийн “Сандэй Таймс”  сонинд ярилцлага өгөхдөө энэ тэмцэл нь Сири улсын тогтвортой байх эсэх болон бүрэн бүтэн байдлыг авч үлдэх тухай асуудал болчихоод байгаа гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Сирийн ерөнхийлөгч өөрийнх нь засаглалын эсрэг тэмцэж байгаа иргэдийг Сирийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг зорьж байна гэж буруутгасан аж.

Хэдийгээр Арабын орнуу­дын лиг Сирийн хямралыг дэврээлгүй, хүчир­хийлэл тэмцлийг намжаахаар орол­дож байгаа ч нөхцөл байдал улам л дордсоор байгаа гэнэ. Өнгөрөгч ням гарагт Сирийн эрх баригч намын байрны дэргэд сөрөг хүчнийхэн зэвсэг хэрэглэж буудалцсан гэх мэдээлэл гарсан байна. Энэ мэдээлэл батлагдвал сөрөг хүчний зүгээс зэвсэг хэрэглэж байгаа анхны тохиолдол болох бөгөөд нөхцөл байдал улам хурцдах шинжтэй болсныг харуулж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн Сирийн сөрөг хүчнийхний тэмцэл өргөжсөөр одоо бараг л иргэний дайнд улс орноо оруулж байна гэж арабын зарим хэвлэлд мэдээлсэн аж. Мөн өнгөрсөн ням гарагт Сирийн нийслэлд сөрөг хүчнийхний эсрэг одоогийн эрх баригчдыг дэмжсэн талынхны жагсаал ч мөн болсон бөгөөд тэд ерөнхийлөгч Башар Асадын үлэмж том хөрөг зургийг барьж явсан байна.

Сирийн одоогийн эрх баригчид гадаад улс орнуудын зүгээс ямар ч шаардлага дарамт үзүүлсэн байлаа гээд дотооддоо болж байгаа асуудлыг зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор шийдэж зохицуулна гэж хатуу мэдэгдэж байгаа тул цаашид нөхцөд байдал яаж өрнөхийг тааварлах боломжгүй болжээ. Тэр тусмаа Сирийн нийслэлд гадаадын хэвлэл мэдээллийнхнийг чөлөөтэй ажиллах боломж олгохгүй байгаа нь дэлхий нийтэд  бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл авах бололцоог нь хаасаар байгаа юм.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж