Ахмад оёдолчид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Ахмад оёдолчид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Ховд аймгийн Ахмадын хорооны дэргэдэх ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэлт холбоо” “Мерси Кор”-ын дэмжлэгтэй “Ахмадын дэм” оёдлын цех байгуулж, таван хүнийг шинээр ажлын байртай болголоо. Тэд байгаль орчиндоо ээлтэй бүх төрлийн даавуун тор, цүнх, хүүхдийн болон үндэсний хувцас, үдийн цай хөтөлбөрийн аяганы уут, эмчилгээний дэр зэрэг хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. 2010 онд “Ховд түншлэл” уралдаанд түрүүлсэн бол саяхан болсон Орос, Монгол, Хятад улсын хамтарсан шинэ техник, технологийн найм дахь удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож, эмчилгээний дэр үйлдвэрлэлтээр “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгаран, гурван улсын батламж гардан авчээ. Энэхүү эмчилгээний дэр нь тайвшруулах, зүрх судасны хэвийн ажиллагааг хангах, даралт бууруулах, ходоод гэдэсний хямрал арилгах зургаагаас найман төрлийн эмийн ургамлаар хийсэн дэр юм байна. Уран гартай, сүүн сэтгэлтэй ээжүүд “Мерси Кор” олон улсын төслийн бүлгийн уралдаанд мөн нэгдүгээр байр эзэлж, 500 мянган төгрөгөөр шагнуулжээ. Үүндээ урамшин үндэсний хувцас захиалгаар оёж үйлчилгээгээ өргөжүүлэн, бүтээгдэхүүн борлуулах нэгдсэн цэгтэй болохыг зорьж байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж