АМГ цахим тайлангийн системд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

АМГ цахим тайлангийн системд шилжлээ

Улс орны хөгжлийн хурдтай хол­боотойгоор цаг хугацааны үнэ цэнэ улам
нэмэгдэж байна. Үүнтэй хол­богдуулан Ашигт малтмалын газар өнгөрсөн
нэгдүгээр сараас геологи хайгуул болон уул уурхайн ажил эрхэлдэг аж
ахуйн нэгжүүдийн тайлан, төлөвлөгөөг цахим хэлбэрээр авахаар болсон.
Ашигт малтмалын газарт өнгөрсөн баасан гарагт Ца­хим тайлан системийн 
нээлтийн ёслолын үйл ажиллагаа болж өн­гөрлөө. Уг ёслолын ажиллагаанд
Ашигт малтмалын газрын удирд­ла­гууд оролцож “Интернеттэй газар бүхнээс
Ашигт малтмалын цахим тай­лангийн хуудсанд нэвтэрч, сүү­лийн үеийн
хамгийн шинэлэг мэдээл­лүүдийг авах боломжтой болсон нь том ололт”
хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл, энэхүү системийг ашиг­ласнаар
ашиглалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигчид тухайн тал­байд гүйцэтгэсэн
ажлын тайлангаа 20 маягтын дагуу, хайгуулын ажлын жилийн тайлан,
хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцож дөрвөн маягтын дагуу, тухайн
ком­панийн мэдээлэл, уулын ажлын мэдээ, хавсралт зураг гэх мэт есөн
маяг­тыг цахим хэлбэрээр бөглөн  цахим хуудастаа оруулах боломжтой болох
аж.

Аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын газ­раас хэрэглэгчийн
нэвтрэх эрх авс­наар уг мэдээллийн системд  гишүүнч­лэл­тэй болно. 
Ингээд Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны болон Гео­логи,
судалгааны хэлтэст өгөх тай­лан, төлөвлөгөөг дээр дурьдсан элект­рон
маягтуудын дагуу оруулах бо­ломж­той аж. Ашигт малтмалын газрын
мэргэжилтнүүд системд орсон тайлан, төлөвлөгөөг хянаж баталгаажуулснаар
Монгол Улсын хэмжээнд геологи хайгуул болон уул уурхайн ажил эрхэлж
байгаа аж ахуйн нэгжүүдийн тайлан, төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн санг
бүрдүүлэх бололцоотой болж байгаа юм. Энэхүү системд багтсан
мэдээллүүдийг хянах холбогдох мэргэжилтнүүд алдаатай тайлан  гэж үзсэн
эсвэл баталгаажуулаагүй тайлан хэмээн үзвэл төлөвлөгөөг тухайн аж ахуйн
нэгжид мэдэгдэнэ. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж нь мөн цахим хэлбэрээр
засваруудаа заасан хугацаанд хийж бүрэн дууссан нөхцөлд Ашигт малтмалын
газрын мэргэжилтнүүд баталгаажуулах юм байна. Үүнээс гадна аж ахуйн
нэгжүүд өөрсдийн тайлан, төлөвлөгөөнд шаардлагатай өөр бусад холбогдох
зураг, тоон мэдээллүүдийг тогтсон форматаар хавсарган оруулах боломжтой
болс­ноороо давуу талтай ажээ.

Энэхүү цахим хуудсыг бүтэн
гур­ван сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулж үзсэн байна. Уул
уурхайн ком­паниуд сарын эцэст Ашигт малтмалын газрыг зорин, бичиг
ба­римтаа бүрдүүлэн сар болгон хүнд сурталтай учирдаг байсныг ийнхүү
хялбарчилж, бизнес эрхлэгчид бо­лон төрийн албаны ажилтнуудын цаг,
хөдөлмөрийг хэмнэж эхэллээ. Хам­гийн гол нь цаг хугацаа хэмнэх, баримт
бичгийг эмх замбараатайгаар нэгдсэн санд байрлуулах, тайлан тооцоог
бусдад ил тод байлгах гэсэн гурван давуу талыг цахим тайлан ёслолын
ажиллагааны үеэр Ашигт малтмалын газрын удирдлагууд он­цолж байв. Цаашид
Улсын мэргэж­лийн хяналтын газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ч
энэ үеэр илэрхийлсэн юм.

Цахим тайлан системийн
нээл­тийн ёслолын үеэр Ашигт малт­малын газрын захиргаа удирдлага
хэл­тэсийн дарга Б.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. 

-Ашигт
малтмалын газар “Ца­хим тайлан” системийг нэвт­рүүлснээр уул уурхайн
компаниу­дын хувьд ямар шинэлэг зүйл, давуу тал бий болох вэ?

-Энэхүү
системийг нэвтрүүлс­нээр төрийн албан хаагчид, бизнес­мэнүүдийн цаг,
хөдөлмөрийг  хэм­нэх, зардлыг танах зэрэг олон да­вуу тал бий болж
байна. Үүнийг туршилтын гурван сарын хугацаанд бүрэн баталсан. Мөн Ашигт
малтмалын газрын цахим тайлангийн нэгдсэн системийг ашиг­ласнаар аж
ахуйн нэгжүүд тай­лангаа цаасаар өгөхөд зарцуулдаг цаг ху­гацаа, би­чиг
цаас, шатахууны зардлаа эрс багасгахаас гадна хүнд суртал, ав­лига зэрэг
хүнээс хамаарсан хү­чин зүйлүүдийн сө­рөг нөлөөллийг  буу­руулж, Ашигт
малт­малын газрын үйлчилгээний хур­дыг нэмэгдүүлэх болсноороо чухал ач
холбогдолтой юм.

-Үүнтэй холбоотойгоор хамтарч ажиллах
санал хүсэлт ирж байна уу. Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүү­лэхээр
төлөвлөж байна вэ?

-Одоогийн байдлаар төдийлөн олон
байгууллага хүсэлт ирүүлээгүй байна. Гэхдээ цаашид Улсын мэргэж­лийн
хяналтын газар, экологи, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг зарим бай­гууллагатай хамтран ажиллахаар холбоо тогтоож эхлээд
байгаа. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж