“Virtuoso-2011” гала тоглолтын шилдгүүд

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Virtuoso-2011” гала тоглолтын шилдгүүд

Монголын хөгжмийн ертөнцийн уламжлалт баяруудын нэг “Virtuoso” наадам удахгүй бидэнтэй уулзах гэж байна. “Агаар мюзик” төвөөс санаачлан, зохион байгуулдаг “Virtuoso-2011” тоглолт энэ сарын 29-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм. Арав дахь удаагийн “Virtuoso” наадамд шилдэг  уран бүтээлчид оролцоно. Эх орныхоо болон тив дэлхийн тайзнаа чадвараа гайхуулж, чансаагаа баталсан шилдэг уран бүтээлчдийг энэ жилийн  “Virtuoso-2011” наадам онцолж байна.

Virtuoso-2011” наадмын шилдэн уран бүтээлчид

1.Г.Чингүүн Хөгжим бүжгийн коллежийн тавдугаар ангийн сурагч. Тэрбээр Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдааны хоёр, Чех улсад болсон Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны нэг, Францад болсон “Флемийн” уралдаанд нэг, АНУ-д болсон “Little Mozart” уралдааны мөн тэрүүн байрт тус тус шалгарчээ.

2.Т.Энхмаа нь Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдааны тэргүүн, ОХУ-ын “Надежда” уралдааны тэргүүн, Чех улсын Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны тэргүүн байрын эзэн.

3.Виолончелийн хамтлаг. Байгуулагдаад хоёр жил болсон ч Хөгжим бүжгийн коллежийн оны шилдэг хамтлаг болсон Виолончелийн хамтлаг нь Төрийн концерт, Өвөр Монголд болсон “Монголын соёлын өдрүүд” зэрэг нэр хүндтэй арга хэмээнд удаа дараа тоглосон, ур чадвар нь жил ирэм тусам сайжирсаар байгаа уран бүтээлчид юм.

4.УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа. Монголын дуурийн урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлогчдын нэг, Монголын сонгодог урлагийн хөгжлийн гадаад ертөнц дэх толь болж яваа сопрано, гарамгай уран бүтээлч юм.

5.УДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр. “Virtuoso” гала тоглолтын хүндтэй дуучин. Дуурийн урлагийн нэр төлөөлөгч М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт дуучин.

6.Хийлч О.Байгаль. Удахгүй сонгодог бүтээлээс бүрдсэн тоглолтоо толилуулах гэж буй тэрбээр “Virtuoso” гала тоглолтод уригдсан өсвөрийн хөгжимчдөөс жил бүр шагнадаг уламжлалтай.

7.УДБЭТ-ын гоцлол дуучин Ц.Баттөр. Саяхан “Мөнхийн дуулал” бие даасан тав дахь бие даасан тоглолтоо хийсэн дуучин Ц.Баттөр 2008 оны “Virtuoso” гала тоглолтод оролцож байсан. Монголын болон дэлхийн шилдэг дууриудын гол дүрд байнга дуулахын зэрэгцээ Монголын мэргэжлийн дууны сор болсон бүтээлийг мөнхлөх санаачилга гарган ажиллаж буй шилдэг уран бүтээлч аж.

8.УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга. Монголын сонгодог урлагийн хөгжлийн нүүр царай болсон тэрбээр Virtuoso гала тоглолтын 2009 оны оролцогч бөгөөд Ази, Европын олон орны тайзнаа амжилттай дуулсан гарамгай уран бүтээлч.

9.УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг. Virtuoso гала тоглолын 2010 оны оролцогч, дуурийн урлагийн нэрт төлөөлөгч М.Глиникийн нэрэмжит дуурийн дуу дуулаадчын олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин юм.

10.УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван. Энэ оны есдүгээр сард Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XIV уралдааны шилдэг дөрвөн дуучны нэгээр шалгарсан баритон.

11.УДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг. Дэлхийн дуурийн урлагийн ноён сүмбэр оргилуудын нэг Ж.Вердийн “Аида” дуурийг Монголд анх удаа тавихад Аидагийн дүрд амжилттай тоглосон.

12.УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин. П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XIV  уралдааны хоёрдугаар байр, мөнгөн медалийн эзэн хүчирхэг баритон.

13.Цохивор хөгжмийн хамтлаг. Монголын хөгжмийн урлагийн гялалзсан шигтгээ болсон энэ хамтлаг “Virtuoso” гала тоглолтод дөрөв дэх удаагаа оролцож байна. Жил бүрийн хавар шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Монголйн нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим, Ж.Бизэгийн “Кармен Сиют” зэрэг алдартай бүтээлээр урын сангаа баяжуулсаар ирсэн.

14.ҮДБЭЧ-ын хөгжимчин, хуучирч У.Одонтунгалаг. Энэ онд уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийж, хуучир хөгжимд зориулсан мэргэжлийн өндөр төвшний зохиолуудыг үзэгч, сонсогчдодоо сонордуулсан.

15.ҮДБЭЧ-ын бүжигчид. ҮДБЭЧ-ын ерөнхий балетмейстер Д.Баярбаатар ардын язгуур бий биелгээнд суурилсан өвөрмөц тавилтай бүжгүүд дэглэж, үндэсний урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа уран бүтээлч.

16.Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог. Морин хуурын чуулга, олон улсын уран бүтээлчдийн “Хөөмий-Тайко”, “Домог” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж дэлхийн олон оронд морин хуурын гайхамшгийг харуулсаар ирсэн гарамгай уран бүтээлч. 2010 оны зуны Шанхай Экспод хоёр сарын хугацаанд 300 гаруй удаа тоглож, дээд амжилт тогтоосон.

17.СУИС-ийн бүжигчид. Chic салоны урласан бүжгийн хувцасны загварыг давхар харуулна.

18.Ятгачин О.Мөнхтогтох. Энэ онд Бээжингийн “Сувдан” театрт, Франц дахь ЮНЕСКО-гийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд уран бүтээлээ толилуулсан гарамгай уран бүтээлч. Дээрх тайзнуудад одоо толилуулах гэж буй “Фантаки” зохиолыг тоглож үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ.

19.Морин хуурч Н.Жигжиддорж. Бээжингийн “Сувдан” театрт, Франц дахь ЮНЕСКО-гийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд “Арга билэг” хамтлагтайгаа уран бүтээлээ толилуулсан шилдэг уран бүтээлч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин.

    М.Дөлгөөн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж