Бүртгэлтэй ажилгүйчүүд 2500-аар бүл нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй ажилгүйчүүд 2500-аар бүл нэмжээ

Үндэсний ста­­тис­тикийн хо­роо хоёрдугаар са­рын ний­гэм, эдийн зас­гийн байд­лыг судал­снаа та­нил­­цуул­лаа. Эн тэр­гүүнд өрхийн са­рын ор­лого, зар­лагатай хол­боотой дүн мэ­дээллийг хүр­гэе. Нэг өрхийн са­­рын дундаж ор­лого өнгөрсөн жил 350 орчим мянган төгрөг бай­сан бол энэ оны хоёрдугаар сард 420 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 70 мянган төг­рө­гөөр нэмэгдсэн бай­на. Харин үүн­тэй хамааралтай тоо дурьдахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өнгөрсөн сарын байд­лаар 450 мянган төгрөг болж, өм­нөх оны мөн үеийнхээс 76 мянган төгрөгөөр буюу 20.7 хувиар өссөн байна. Дээрх тоон мэдээллээс өсөлт бууралт нь тэнцсэнээс бус үр ашиг харагдахгүй байгаа юм.

Засгийн газраас энэ оныг Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан тул ажилгүйдлийн график анхаарал татаж байна. Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны эдийн зас­гийн идэвхтэй сая гаруй хүн байгаа. Эдгээрээс 600 мянга буюу 53.1 хувь нь эрэгтэй, 530 мянга буюу 46.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Судал­гааны дүнгээр 106 мянган хүн ажил эрхлээгүй байгаагийн 60 орчим мянга нь эрэгтэйчүүд, 46 мянга нь  эмэгтэйчүүд аж. Ха­рин ажилгүйдлийн түвшин улсын хэм­жээнд өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 3.4, хотод 6.9  ху­виар тус тус буурч, хөдөөд 1.3 хувиар өсчээ.

Дээрх өсөлтийг задалж үзвэл аймаг, нийслэлийн хөдөлмөр, ха­лам­жийн үйлчилгээний хэлтэст бүрт­гэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөр­сөн хоёрдугаар сарын эцэст 40 ор­чим мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2542 хүнээр буюу 7.1 хувиар өсчээ. Харин бүртгэлтэй ажил­гүй иргэдийн тоо ийнхүү өссөн нь Улаанбаатар хот, Булган, Өмнө­говь, Завхан, Дундговь, Төв, Ховд аймгуудад ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдсэнээс шалтгаалсан байна.

Харин эдийн засгийн салбарт дараах өөрчлөлтүүд гарчээ. Mонгол­банкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 3.528 тэрбум төгрөг, өм­нөх сарынхаас 88.6 тэрбум төгрөг буюу 2.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 813 тэрбум төгрөг буюу 30 орчим хувиар өсчээ. Зээл олголт ийнхүү өсч байгаа ч хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь өмнөх сарынхаас 9.6 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өссөн мэдээлэл юм.  Мөн банкны системийн хэм­жээ­гээр чанаргүй зээл өнгөрсөн са­рын эцэст 363 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өс­чээ. Өнгөрсөн жи­лийн мөн үеийн статистик мэ­­дээл­лээс харвал ча­наргүй зээлийн хэм­жээ буураагүй гэж үзэж болох ч өн­гөрсөн сарын дүнг өмнөх оны мөн үетэй харь­цуу­лахад 81.6 тэрбум төгрөг буюу 20 ор­чим хувиар буур­сан гэсэн нааштай мэ­дээлэл байна.

Чанаргүй зээ­лийн хэмжээ ааж­маар буурч байгаа нааштай мэдээ­нээс гадна өмнөх оны мөн үеийн­хээс тат­варын нийт орлого 152 тэр­бум төгрөг буюу 54.2 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Дээрх өсөл­тийг хангахад орлогын  албан тат­варын орлого 26.5, нийгмийн даат­галын шимт­гэлийн орлого 14.2, онцгой албан татварын орлого 10.7, нэ­мэгдсэн өртгийн албан татварын орлого 64.8, бусад татвараас орсон орлого 20.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж