Олон улсын хоёр банкийг нэгтгэх нь оросуудын сонирхол

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Олон улсын хоёр банкийг нэгтгэх нь оросуудын сонирхол

Тус бүр 8-9 орны гишүүнчлэлтэй Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг нэгтгэхээр болсон билээ. Монгол Улс эдгээр банкны аль алиных нь хувь нийлүүлэгч, гишүүн орны хувьд нэгдэх эсэх асуудалд саналаа хүргүүлэхээр болсон. Банкуудын Зөвлөлийн ээлжит хуралд санал өгөх ажлын хэсгийг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ахлах юм. Харин Монгол Улс ямар байр суурь илэрхийлэхийг УИХ-аар хэлэлцэж шийдэх бөгөөд одоохондоо тодорхойгүй байна. Мөн зарим албан тушаалтан “Энэ хоёр банк нэгдэх эсэх нь манай улсад тийм ч хамаатай биш” хэмээж буй. Ямартай ч манай улс дээрх хоёр банкинд нийт 11 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн буюу дүрмийн сангийнх нь 0.65 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Тиймээс хоёр банк нэгдэх, нэгдэхгүй нь манай улсад зайлшгүй хамаатай болж байгаа юм.

Олон улсын хоёр банк нэгдэх гэж буй үйл явцыг гадны зарим хэвлэл болон санхүүгийн шинжээч “Шилжих рублийн олон талт төлбөр тооцооны тогтолцоо задарч, чөлөөтэй хөрвөдөг валютад шилжиж буй нь эдгээр банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Мөн гишүүн орнуудын өрийн хэмжээ нэлээд нэмэгдсэн нь төлбөрийн чадварыг нь сулруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ хумихад хүргэсэн” гэх дүгнэлт хийжээ. Түүнчлэн ОХУ дээрх хоёр банкин дахь хувь эзэмшил, нөлөөгөө нэмэгдүүлэхийг цаг ямагт зорьж ирсэн. Сүүлийн үеийн алхмууд ч үүний нэг илрэл болж байна хэмээн онцолжээ. Тэгэхээр оросууд эдгээр банкийг нэгтгэх сонирхолтой байгаагийн зэрэгцээ олон улсын бус, Оросын банк болгохыг зорьж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны хувьд 1963 онд байгуулагдсан бөгөөд Болгар, Вьетнам, Куба, Монгол, Польш, ОХУ, Румын, Словак, Чех гэсэн есөн гишүүн оронтой. Гишүүн орнууд болон олон улс хоорондын худалдааны бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэх, конверсийн гүйлгээ хийх, харилцах данс нээх, баталгаа гаргах, богино хугацаатай зээл олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Төв болон Зүүн Европын банкны холбоо, Оросын банкны холбооны гишүүн, Москвагийн Банк хоорондын валютын биржийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 онд байгуулагдсан, дээр дурьдсан орнуудаас Польшоос бусад нь тус банкны гишүүн. Барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх, зураг төслийн ажил гүйцэтгэх, шинэ технологийн төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Энэ хоёр банкны гишүүн орнуудын зээлийн өрийн хэмжээ нэлээд өссөн нь төлбөрийн чадварт нь нөлөөлсөн гэгдээд байгаа. Гэхдээ манай улсын хувьд социалист нийгмийн үеэс авч байсан зээлээ хугацаандаа бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн өр шир байхгүй юм билээ. Харин Куба улс нэлээд хэмжээний өртэй бөгөөд өнөөдрийг хүртэл барагдуулаагүй аж.

Олон улсын хоёр банк  санхүүгийн хувьд асуудалтай байгаа ч гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого баримталж байгаа гэх. Харин ОХУ бодлогын түвшинд шийдвэрлэх алхам хийж, нэгтгэх эсэх асуудлыг хөндөж эхэлсэн байна. Оросын талын хэтийн зорилго чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй ч “Нэгдэх нь өрийн хүндрэлээс гарахад дэмжлэг болохоос гадна цаашдын хувь заяанд чухал нөлөө үзүүлнэ” хэмээн банкны удирдлагыг ятгах болжээ. Түүнчлэн банкны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хөндөхөд гишүүн орнууд эзэмшлийн хувь хэмжээнээс үл хамааран саналаа илэрхийлдэг байсныг болиулахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, их хувь эзэмшдэг нь илүү эрх мэдэлтэй, бага хувь эзэмшдэг нь аливаа шийдвэр гаргахад барагтай бол нөлөөлж чадахгүй болно гэсэн үг.

Манай улсын хувь эзэмшлийн хэмжээ 0.65 хувь байгаа нь тийм бага үзүүлэлт биш. Тэгээд бас Монголын талаас дээрх хоёр банкинд дэд ерөнхийлөгчийн хэмжээнд төлөөлөл, мэргэжилтэн ажилладаг гээд давуу тал олон бий. Гэхдээ Оросын талын сонирхлоор саналаа илэрхийлэх орны хувь эзэмшлийн хэмжээг хэт өндөр тогтоочихвол манай улсын 11 сая евро “эвгүйтэж” мэднэ. Мэдээж хоёр банк нэгдэхгүй, одоо үйлчилж байгаа дүрэм, журмаараа явбал ямар ч асуудал үүсэхгүй. Харин санал хэлэх эрхгүй болчихвол байдал хааш эргэхийг таах аргагүй юм. Муугаар бодоход өрөөс үүдэлтэй дампуурал, дампуурал нэрээр далим гаргах сонирхол хэн нэгэнд нуугдаж байвал яах вэ. Зөвхөн Монгол ч бус, манайхтай төстэй багахан хэмжээний хувь эзэшдэг хэд, хэдэнд оронд ийм эргэлзээ, болгоомжлол төрж байгаа гэсэн. Энэ асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх үед Сангийн сайд С.Баярцогт үүнийг үгүйсгээгүй. Ямартай ч бараг хагас зуун жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан олон улсын хоёр банкийг бүтцийн хувьд өөрчлөн байгуулах нь үндсэндээ тодорхой болоод байна. Энэ ажлыг ОХУ гардан зохион байгуулж буй нь ч олны нүдэнд ил байгаа юм. Одоогийн байдлаар, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг Олон улсын хувь нийлүүлэгчдийн гэрээний шинэ төсөлд саналаа тусгахаар бэлтгэж байна. Улмаар гэрээний төслөө УИХ-д танилцуулж, батлуулна. Үүний дараа дээрх банкуудын зөвлөлд илгээх юм. Гэхдээ Монголын талын санал хоёр банкийг нэгдэх хийгээд үл нэгдэхэд нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл, хоёр банкийг нэгтгэх болон дүрэмд ямар өөрчлөлт оруулахаа томоохон хувь эзэмшигчид нь аль эрт шийдчихсэн гэдэг нь дээрх мэдээллүүдээс тодорхой харагдаж байгаа юм.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж