”Роснефть” олборлолтоо ч, үнээ ч нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

”Роснефть” олборлолтоо ч, үнээ ч нэмнэ

Монгол Улс газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг “Роснефть” компаниас худалдан ав­даг. Манайд шатахуун түгээх стан­цуудаа байгуулах санал тавьж, янз бүрээр “бойкот” хийсээр ирсэн энэ компанийн хувьд газрын тос­ны олборлолтоо цаашид улам нэмэг­дүүлэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцээд сүү­лийн үед удирдлагын бүтцэд нь өөрчлөлт орж, Д.Медведев, В.Путин хоёрын тэмцлийн талбар болсон нь ч бий. Гэхдээ ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших учир цаашид “Роснефть”-ийн монопольчлол хэ­вээр үлдэх бололтой.

Өнгөрсөн наймдугаар сард “Рос­нефть” эрчим хүч­ний үйлдвэрлэлээр АНУ-д тэр­гүүлдэг “Эксон мобайл”-тай хамтран Хойд мөсөн далайд олборлолт явуулахаар 3.2 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг үзэглэсэн. Вла­димир Путин өөрийн биеэр “Эксон мобайл”-ын ерөн­хий­лөгч Нейл Даффинтай уул­заж, хамт­ран ажиллахаар болсон нь энэ гэ­рээ хэр их ач холбогдолтой вэ гэд­гийг харуулж байна. “Роснефть”, Эксон мобайл”-тай хамтран анхны өрөмд­лөгөө 2012 оноос хийж эх­лэх юм. “Роснефть”-ийн хувьд цааш­лаад Мексикийн булан, Те­хаст неф­тийн олборлолт хийх боломжийг эрэлхийлэх болж.

Харин Их Британийн “Бритиш Петролиум”-тай хамтран Арктикт газрын тос олборлох ажил нь тасалдсан билээ. Тодорхой шалт­гаануудын улмаас хойшлогдож бай­сан энэхүү хэлэлцээр “Роснефть”-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Игорв Сечин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн хооронд үүссэн асуудал, хувьцааны маргаанаас бо­лоод нэгмөсөн зогсоход хүрсэн. Хэдийгээр албаны төлөөлөгчид энэ хэлэлцээр дахин үргэлжилнэ гэж амлаж байгаа ч шинжээчид эсрэг байр суурьтай байна. Өнгөрсөн оны эхээр Д.Медведев В.Путины хүн болох И.Сечиныг халж магадгүй гэх таамаг гарч байсан юм. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн дотоод руугаа чиглэсэн бодлого явуулдаг байсан “Роснефть” гадны орнуудтай хам­тарч, газрын тос олборлох арга замыг эрэлхийлэн шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж байгааг нотолж байна.

Өнгөрсөн есдүгээр сард “Рос­нефть”-ийн ерөнхийлөгчөөр Эдуард Худайнатов томилогдсон билээ. Дмит­рий Медведевийн санал болгож, нэр дэвшүүлсэн Э.Худайнатов нь “Газпром”-ын салбаруудыг удирдаж байгаад 2009 оны нэгдүгээр сараас эхлэн “Роснефть”-ийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан юм. Өнгөрсөн зун түүнийг манай томчууд руу захидал илгээж, шатахуун түгээх станцуудаа Монголд байгуулж, оронд нь АИ-92, дизель түлшний хомсдолгүй “зусах” боломжийг санал болгосон тухай хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ Э.Худайнатовын хувьд энэ анхны тохиолдол байсангүй. Тэрбээр 2008 онд ч үүнтэй төстэй санал тавьж байсан гэх. Ямартай ч  энэ бүх учир шалтгааны улмаас “Роснефть”-ийг 12 жил удирдсан Сергей Богданчиковыг “Газпром”-ын салбаруудыг удирдаж байсан Э.Худайнатовоор сольжээ.

Энэ оны гуравдугаар улиралд “Роснефть”-ийн ашиг 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.9 хувиар өссөн. ОХУ-ын Засгийн газар газрын тосны экспортоо бууруулах зорилгоор татвараа нэмсэн нь “Роснефть”-ийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлжээ. Гэхдээ Ванкорын талбайгаас олборлох бүтээгдэхүүн нь ихэссэн байна. Өдөрт 2.4 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн нь ч ашиг нэмэгдэхэд нөлөөлжээ. “Роснефть”-ийн ашиг шин­жээчдийн таамаглаж байснаас 10 хувиар өндөр гарсан юм. “Роснефть”-ийн төлөөлөгчид “Энэ бол дөнгөж эхлэл. Бид цаашид ч илүү ихийг хийх болно” хэмээн амлацгаасан байх юм. Тус компани энэ оны эцэс гэхэд 11 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэх таамаг бий. Харин Оросын албаны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар 2015 он гэхэд үйлдвэрүүдээ бүрэн шинэчлэхийн зэрэгцээ экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ирэх оноос нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллараас давах таамаг байгаа учир “Роснефть”-ийн хувьд үүн дээр дөрөөлж ашиг олох нь дамжиггүй юм.

Оросын Засгийн газар өнгөрсөн зунаас нефтийн экспортын татвараа 44 хувиар огцом нэмж, тонн тутмынх нь үнийг 408 ам.доллар болгосон. Түүнчлэн хэд хэдэн компанийнхаа экспортод хориг тавьсан юм. Аз болоход “Роснефть” тэр дунд багтаагүй. Гэхдээ монголчуудын аз дутахад, “Лукойл”-ын удирдлагын “Взгляд” сонинд ярьснаар бол “До­тоодын стандартад нь нийцдэггүй бензинийг Монгол тэргүүтэй орнууд руу гаргадаг” аж. Газрын тосны экспортоо бууруулсан шалтгаан нь дотоодын зах зээл дэх шатахууны стандартаа чангатгах журам гар­сантай холбоотой. Хамгийн гол нь Орост сонгууль дөхөж байгаа учраас төсвийн зардлаа хумьж болохгүй. Тиймээс төрийн мэдлийн томоохон нэг­жүүдийнхээ хувьцааг худалдах зэр­гээр хөрөнгө босгохыг зорьсон Крем­лийн удирдагчид экспортын татвараа нэмсэн нь төсвийн орлогоо нэмэх бас нэг арга болсон юм. Эс тэгвэл сан хөмрөгөнд нь мөнгө байхгүй болж байсан хэрэг.

В.Путин өөрт нь үнэнч гэдгийг нотолсон, бизнесийн ашиг сонирхлоо хадгалж чаддаг хүнээр дамжуулан Оросын газрын тосны салбарыг хянахыг эрмэлздэг гэх. Харин тэр хүн нь Игорь Сечин юм. Социалист тогтолцоотой байх үед В.Путинтэй нэг адил КГБ-ын тагнуулч байсан түүний хувьд “ЮКОС”-ын хөрөнгийг “Роснефть”-ийн өмч болгох ажлыг хариуцан хийж байв. Михайль Ходорковский шоронд сууж, харин “ЮКОС”-ыг нь бүрэн мэдэлдээ авснаас хойш “Роснефть”-ийн нийт эргэлтийн хөрөнгө 68 тэрбум ам.дол­лараар үнэлэгдэх болжээ. Че­ченийн Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, өрөмдлөг хийх ажлыг Игорь Сечин л нугалж өгчээ. Хятадын талтай 20 жилийн хугацаатай 25 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Венесуэл, Куба, Туркид тэр л айлчилж хамтрах санал тавьсан. “Роснефть” хүчирхэг хэрнээ В.Путины мэдэлд  хэзээд байсаар ирсний шалтгаан нь Игорь Сечин юм. Д.Медведевийн дургүйцлээс болж “Роснефть”-ийн тэргүүнээс ха­лагдаж, түүний оронд өөр хүн то­милохоор болсон тухай “Ройтерс” мэдээлж байв. Гэхдээ албан ёсны вэб сайтад нь “Роснефть”-ийн тэргүүн И.Сечин” гэж одоо ч тэмдэглэсэн хэвээр байна.

“Роснефть”-ийн төлөөлөн удир­дах зөвлөлд ОХУ-ын Засгийн газ­­рын зөвлөх Андрей Реус, Тө­рийн хөгжлийн банкны тэргүүн Андрей Костин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч асан Сергей Бог­дан­чиков нар багтдаг. Түүнээс гадна Швей­царийн банкир, “Barclays Capital”-ын тэргүүн Ханс Жорж Рудлофф энд багтдаг нь барууны орнуудаас Оростой бизнесийн сал­барт хамтарсан анхны хүн болсон юм. Оросын төрийн мэдлийн “Рос­нефть”-ын ажилчдын тоо 100 мянга хол давсан. Жил бүрийн ашиг нь олон арван тэрбум ам.доллараар тоо­логддог. Зүүн Си­бирь, Хар тэнгис, Каспийн тэнгис, Алс Дорнод зэрэг Оросын газрын тос, байгалийн хийн томоохон нөөц бүхий мужуудад олборлолт хийдэг бол сүүлийн жи­лүүдэд хилийн чанад руу нэлээд ан­хаарал хандуулах бол­жээ. Ямартай ч Монголыг ха­лаасандаа хийчихээд дуртай үедээ гаргаж ирээд наадаж суудаг “Роснефть” компани үйл ажиллагаагаа улам бүр тэлэх нь.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж