”Eagle TV” MJA-ыг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

”Eagle TV” MJA-ыг шууд дамжуулна

Mining Journal Awards-2011 ёслолын ажиллагааг Eagle телевиз арваннэгдүгээр сарын 25-ны орой шууд дамжуулна. Монголын уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан хүндэтгэх ёслолд 200 орчим зочид уригджээ.

Уул уурхайн салбар эдийн засагт нь тулах хүч болдог улс орнууд энэхүү арга хэмжээг янз бүрийн нэрээр зарлан явуулдаг. Тэдгээрийн дундаас Их Британид хэвлэгддэг дэлхийн Mining Journal сэтгүүлийн зохион байгуулдаг шалгаруулалт онцгой нэр хүндтэйд тооцогддог. Төр, засгийн байгууллагууд болоод уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын зохион байгуулдаг шалгаруулалтаас дээрх нь зарчмын ихээхэн ялгаатай. Хараат бус, мэргэжлийн Шүүгчдийн дүгнэлтэд үндэслэдэг, олон нийтийн санал бодлыг тусгадаг, хэн нэгнээс хараат бус байгууллага зохион байгуулдаг учир дүгнэлт нь бодитой, нэр хүндтэй байдаг.

Монголын уул уурхайн салбарт олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, дэлхийн түвшинд нийцсэн шилдэг арга туршлага дэлгэрэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү Mining Journal Awards арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн шалгаруулалтад уул уурхайн компаниуд хайгуулын, шилдэг уурхайн, хариуцлагатай үйл ажиллагааны үзүүлэлтүүдээ 2010-2011 оны статистик, үйл ажиллагаандаа үндэслэн илгээжээ. Түүнчлэн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нөхөн сэргээлтийн чиглэлээр ямар бодитой ажлууд хийснээ уул уурхайн компаниуд тайлан болон видео бичлэгийн хамт Mongolian Mining Journal-ийн редакцид ирүүлсээр байна. Тэдгээрийн дундаас Оны шилдэг Эко уурхай тодорно. Мөн, уул уурхайн үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлж буй компаниуд технологийн үзүүлэлтүүдээ, бодит үр дүнгийн хамт тайлан материалдаа хавсаргажээ. Энэхүү номинацид уул уурхайн тэсэлгээний, өрөмдлөгийн, уул уурхайн програм хангамжийн, үнэлгээ зөвлөгөөний чиглэлээр ажилладаг Монголын болон олон улсын нэр хүндтэй компаниуд өрсөлдөж байна.  Дээрх таван ангиллаар Оны шилдэг уул уурхайн компанийг Шүүгчдийн зөвлөл онооны нийлбэрээр дүгнэх юм. Mining Journal Awards арга хэмжээний үеэр номинаци тус бүрт хамгийн өндөр оноо авсан эхний тус бүр таван компанийн ажлын үзүүлэлтийг танилцуулан, тэдний дундаас Шилдгийг зарлана.

Шалгаруулалтын нэг сонирхолтой хэсэг нь Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага , хувь хүнийг олон нийтийн ба мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын дунд явуулсан санал асуулгад тулгуурлан зарладаг. Санал асуулга олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бүтэн сарын хугацаанд явагддаг. Эрхэм Та оны шилдгүүдийн асуулгад ямар байгууллага, хувь хүн, түүнчлэн номинаци тус бүрт уул уурхайн ямар компани олон нийтээс хамгийн өндөр үнэлгээ аван өнгөлж явааг www.gogo.mn , www.news.mn, www.mongolianminingjournal.com сайтуудын санал асуулгаас сонирхоорой.

Mining Journal Awards арга хэмжээний оргил мөч нь Монголын уул уурхайн салбарын 2011 оны Шилдгийн шилдэг үйл ажиллагааг нэрлэх Гран При шагнал байх болно. Таван номинаци тус бүрт хийсэн ажилтай, хэлэх бүтээл дүүрэн яваа ажилсаг хамт олон энэхүү хүндтэй өргөмжлөлийг хүртэх агаад бүтэн жилийн хөлс хүч, оюуны хөдөлмөр, шилдэг менежментийг хамтатган, эх орон даяар алдрыг нь зарлан хүндэтгэх юм.

Уул уурхайн салбарыг шүүмжлэх хялбар хэдий ч тэнд гаргаж буй асар их эрсдэл, шавхаж буй хүч хөдөлмөрийг нь, Монголыг дэлхийтэй холбож буй хүчирхэг шижмийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй цаг үе билээ.


Л. Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж