Заамар сумын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Д.Цогтбаяр, “Монгол залуус Өмнөд Солонгос руу орон сууц худалдан авах мөнгө хуримтлуулахын тулд эрүүл мэндээрээ дэнчин тавьж, явдаг. Монгол Улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын дийлэнх нь залуучууд. Алба хаагчдыг авлигад өртүүлэхгүй байх, албаа сэтгэл тайван хаахад хамгийн түрүүнд нийгмийн асуудлыг төгс биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөх нь чухал. Халаасны өрөө, эсвэл хадмындаа амьдардаг цагдаагийн нүдний гал өөрийн гэсэн байртай алба хаагчаас арай өөр байдаг нь худлаа биш. Нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгчихөөд тухайн алба хаагчаасаа ажлын өндөр бүтээмж шаардаж болно. Үүнээс гадна Улаанбаатар хотод байдаг тав тухтай орон сууцанд орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид амьдрах боломж байдгийг харуулахыг зорьсон. Энэ утгаараа эхний ээлжинд 23 албан хаагчийг зах зээлийн үнээс хямд өртөгөөр, урт хугацааны зээлд хамрагдах боломжтой, чанартай орон сууцанд амьдрах боломж нөхцлөөр хангаж байна. Мэдээж энэ ажлыг хийхэд цагдаагийн хэлтэс дангаараа зүтгээд үр дүнд хүрэхэд хэцүү. Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, манай хэлтсийн гол түншлэгчид болох чанарын өндөр төвшинд барилгын ажлыг гүйцэтгэн “Инж Хами”, геологийн шинжилгээг хийсэн “Инж гео тех”, цахилгаан болон холбоо, галын дохиоллын “Топ электро сигнал”, цэвэр, бохир ус, дулааныг тавьсан “Дэлгэрмөрөн констракшн” ХХК-ийн хамт олонд алба хаагчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэ үеэр “Топ электро сигнал” ХХК-ийн ерөнхий инженер Ч.Хишигдорж, “Заамар сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын орон сууцны цахилгаан болон холбоо, галын дохиоллын системийг хариуцан ажилласан. Олон улсын болон Монгол Улсын стандартын дүрэм журамд нийцэх тоноглолыг суурилуулдагаараа манай компани энэ чиглэлийн бусад компаниас онцлогтой. Гэрэлтүүлэгт байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй сүүн гэрэл, холбоо, галын дохиоллыг суурилуулахдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орос чанарыг сонгож, олон улсын стандартад тохируулан угсарсан. Ажлаа 2011 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай компанийн зүгээс гүйцэтгэх бүх тоноглол бүрэн хийгдэж дуусаад байна” хэмээсэн. Мөн тус орон сууцны цэвэр, бохир ус, дулааныг тавьсан “Дэлгэрмөрөн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уламбаяр, “Заамар сумын цагдаагийн хэлтсээс манай компанид санал тавьсаны дагуу 2011 оны 08 дугаар сарын 20-ноос 23 айлын орон сууцны бохир, цэвэр усны гадна болон дотоод шугам холбоог хийж гүйцэтгэсэн” гэсэн бол “2011 оны 06 дугаар сарын 14-нд барилгын ажлыг эхлүүлж, 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад оруулах гэрээг Заамар сумын цагдаагийн хэлтэстэй хийсэн. Гэрээний хугацаанд барилгын ажлыг дуусгасан. Барилгын ерөнхий хийц нь төмөр цутгамал хийцтэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн А3-ын арматур болон Улаанбаатар менежментийн А1-ийн арматурыг ерөнхий карказ хийцэнд ашиглаж ажиллалаа. Дандаа хоёр өрөө, 52.1 мкв-тэй нь 20 сая 800 мянган төгрөг, 64.7 мкв-тэй хоёр өрөө нь 25 сая 800 мянган төгрөгийн өртөгтэйгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Барилгын чанарын хувьд 8 баллын хүчтэй газар хөдлөлтийг туулах чадвартайгаар баригдсан” хэмээн “Инж Хами” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгонцагаан ярьсан юм.