
Монголын иргэн болох хоёр оюутан БНХАУ-д хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан тухай мэдээллийг албаны эх сурвалжууд нотоллоо. Тэдгээр оюутнууд 500 граммаас дээш хэмжээ бүхий мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж яваад баригдсан байна. Оюутнуудыг тус улсад саатуулан, хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар БНХАУ манай гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох албаны хүнээс тодруулахад “Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь энэ хэргийн талаар дэлгэрэнгүйгээр хэвлэлээр гаргахгүй байх талаар БНХАУ-ын зүгээс бидэнд хүсэлт гаргаад байгаа” гэлээ. БНХАУ-ын хуулиар 50 граммаас дээш хэмжээний мансууруулах төрлийн бодис зөөвөрлөх юм уу, худалдахыг завдсан тохиолдолд цаазаар авах ял оноодог юм байна. Хэрэгт холбогдсон хоёр оюутны нэр болон тэдэнтэй холбоотой хувийн мэдээлэл одоогоор тодорхой бус байгаа юм. Ямартай ч тэднийг ямар зориулалтаар мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж явсныг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Сануулахад, БНХАУ-д хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн, худалдсан хэрэгт Монголын нийт арав гаруй иргэн холбогдсон байдаг ажээ.
Ш.Чимэг