Өнөөдөр дэлхийн 00-ийн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн 00-ийн өдөр

Сингапур улсад төвтэй Дэлхийн 00-ийн холбооноос санаачлан өнөөдөр “Дэлхийн "00"-ийн өдрийг тэмдэглэх гэж байна. 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн энэхүү өдрийн зорилго нь дэлхий дээрх 2.6 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулахад чиглэж буй юм.  Ариун цэврийн байгууламж муутайгаас болж амь насаа алдсан хүмүүсийн тоо 20 дугаар зууны байлдаан зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс олон байдаг байна. Ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдийг хамарч тэдний амь насыг авч оддог гэнэ. Монгол Улсын хувьд ямархуу дүр зураг байна вэ? Нийт хүн амын 65 хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдардаг байна. Нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололдоо амьдардаг, айл өрхүүдийн 95 хувь нь өөрийн гэсэн бие засах газартай боловч 97 хувь нь энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоожээ. Нэг үгээр хэлбэл, бидний дүр зураг дэлхийн орнуудын дунд ядуу буурай орныхтой тун адилхан байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнгүүд, төрсөн эмэгтэйчүүд өвлийн хүйтэнд ч тэр хальж дүүрэх шахсан модон жорлонд бие засаж, гараа угааж эрүүл ахуйн нөхцөл хангах аргагүй орчинд амьдарч байгаа юм. 21 дүгээр зуун гарсаар монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж интернэт, гар утас, машин унаа гээд бүгдийг л хэрэглээндээ нэвтрүүлж, хотын төвд нь өндөр өндөр шилэн байшингууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, зочид буудлын сүлжээ Монголд салбараа нээж, ашигтай ажиллаад байгаа зэргээс харахад улс орон маань хөгжөөд байгаа ч юм шиг. Гэтэл гэр ч тэр гадаа ч тэр байгаа бие засах газраа харахад бид дэлхийн хөгжлийн хаах нь явна вэ?

Зөвхөн энэ ялгаагаараа монголчууд бид дотроо өөр хоорондоо хотынх ба хөдөөнийх, гэр хорооллынх ба байрных гэж ялгарч энэ нь бүр цаашилсаар амьдарлын төвшингийн ялгааг гүнзгийрүүлж нийгмийн хурцадмал байдал үүсэхгүй гэхийн аргагүй болж мэдэхээр байна. Айл өрхүүд, албан байгууллагууд "00"-ийнхоо асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ? Өрхийн тэргүүн энгийн нүхэн жорлонгоо сайжруулахын тулд хэдэн төгрөг гаргаж чадах вэ? Хотын захиргаа, төрийн эрх мэдэлтнүүд улс үндэстэн, хот суурин газарт ариун цэврийн ямар бодлого барьж, төсөв батлах вэ? Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд ямар шийдэл гаргаж чадах вэ? Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх вэ? Эдгээр маш олон асуултын талаар амьдарлын төвшний ялгааг арилгахын тулд, өвчлөлийг нимгэлэхийн тулд, ядуурлыг бууруулахын тулд, жорлонгоороо шоолуулахгүйн тулд, байгаль орчноо хамгаалахын тулд ярилцмаар, шийдвэрлэмээр, хиймээр байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж