
-Та улирлын тоглолтод 23 гоол оруулж, ОХУ-ын лигийн түүхэнд рекорд тогтоосон. Үүнийг хэзээ мэдсэн бэ?
-Лигийн 29 дүгээр тойрогт “Спартак Нальчик”-ыг хожсоны дараа дээд амжилт тогтоосноо мэдсэн. Хамгийн түрүүнд багийн ерөнхий дасгалжуулагч Леонид Слуцкий баяр хүргэсэн.
-Багийнхантайгаа хэр ойлголцож байна вэ?
-Санасныг бодвол маш түргэн ойлголцож байгаа шүү. Орос хэлийг маш хурдан сурч байгаа. Багийн зарим нөхөд маань орос хэл сурахад их тус болж байна.
-Вагнер Лав, Алан Загоев нар таныг дамжуулалтаар их дэмжиж байгаа. Тэдний талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Тэд үнэхээр сайн хөлбөмбөгчид надад олон гоолын дамжуулалт өгсөн. Бас Зоран Тошичийг дурдахгүй байж болохгүй. Тэр ч ялгаагүй багийн нөхдөө дамжуулалтаар хангахаа мэддэг.
-Та ЦСКА-д ирсэн анхны улиралдаа ямар дүгнэлт хийсэн бэ?
-Надад үнэхээр сайхан байсан. Хоёр дахь улирал ч илүү сайхан дурсамж үлдээж байна. Гэхдээ ирэх хавар багийнхаа хамтаар ОХУ-ын аварга болчихвол миний хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдэх байх.
-ЦСКА-д ирэхэд юу нөлөөлөв?
-Би зүгээр Орост тоглохыг хүссэн. ЦСКА Европын шилдэг багуудын нэг. Тэгээд ч тэдний санал надад таалагдсан учраас би сонголтоо хийсэн. Мөн энэ орны соёлтой танилцахыг хэзээнээс хүсч байсан. Би энд ирсэндээ харамсахгүй. Харин ч энд удаан амьдрахаар төлөвлөж байна.
-Оросын “Премьер лиг”-т хийсэн анхны тоглолтоо санаж байна уу?
-Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд “Спартак”-ын эсрэг анх тоглосон. Тэр тогллолтод бид өрсөлдөгчөө талбай дээр нь 2:1-ээр хожиж байсныг тод санаж байна.
-Танай багийн хамгийн шилдэг нь хэн бэ?
-Багийн ахлагч Игорь Акинфеев. Тэр шилдэг нь. Үнэхээр мэдрэмжтэй, юу хийхээ мэддэг. Акинфеев дэлхийн ямар ч топ багийн хаалганд бүтэн 90 минут зогсох чадвартай. Надаас гадна багийн нөхөд маань бүгд л ингэж хэлэх байх.
-Та орос нэрүүдийг хэлэхээр тун аялгатай хэлж байна?
-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд орос нэрүүдийг тогтооход үнэхээр хүнд байгаа. Харин ч одоо давгүй хэлж сурч байна.
-Орос орон танд таалагдаж байна уу?
-Мэдээж, олон зүйл таалагдаж байгаа. Оросууд тун эелдэг сайхан харьцаатай хүмүүс шиг санагддаг. Гэхдээ зарим нэг хөгжөөн дэмжигчийг эс тооцвол. Москвад үзэх харах зүйл олон. Ялангуяа Кремль, Ялалтын талбай. Үнэхээр түүх шингэсэн олон барилгыг энд харж болно.
-Харин юу нь таалагдахгүй байна вэ?
-Өвлийн улирал. Орос хамгийн хүйтэн газар гэдгийг хэлэх байна. Гэхдээ өвлийн улиралд дасан зохицох хэрэгтэй. Би энд хамгийн их цасыг харсан. Гэхдээ Москва өвлийн улиралд хамгийн дулаан хот. Сибирьт очвол би ганц хоног тэсэхгүй байх аа. Бас эсрэг багийн хөгжөөн дэмжигчдийн өдөөн хатгалга надад таалагдахгүй байгаа (инээв).
-Та өмнө цас харж байв уу?
-Тийм ээ. Би Японд, Швейцарьт байхдаа цас үзсэн. Гэхдээ тэнд цас тийм сайн ордоггүй юм билээ.
-Нээрээ мартсан байна. Та тэнд амьдарч байсан шүү дээ. Япон, Швейцарьт амьдрах ямар вэ?
-Хоёулаа сайхан газар. Ялангуяа Швейцарь. Тэнд миний урьд өмнө үзэж хараагүй олон зүйл байдаг. Дэлхийн хамгийн сайхан газрын нэг. Япон ч гэсэн ялгаагүй сайхан газартай. Харин газар хөдлөлт, байгалийн үзэгдэл надад таалагдаггүй. Бусад зүйлээрээ бол сайхан. Ялангуяа япон хоол тун амттай.
-Тэндхийн ямар багт тоглож байв?
-Японд “Кашива Рейсол”, “Токүшима Вортис”, Швейцарийн “Янг Бойз” клубт тоглож байсан.
-Халуун орны хөлбөмбөгчид. Орост ирэхэд дургүй байдаг юм шиг. Харин та асар их зориг гаргаж энд ирсэн байна?
-Үгүй дээ. Би хэзээ ч шантарч байгаагүй. Оросын өвөл их хүйтэн гэдгээс болж зорилгоосоо буцвал ямар хэрэг байх вэ. Хамгийн гол нь дасан зохицох хэрэгтэй. Тэгээд ч өвлийн улирал ердөө гурван сар л үргэлжилнэ шүү дээ. Бас өвөл хөлбөмбөгийн тэмцээн болох нь ховор.
-Нээрээ тийм байна шүү. Сүүлийн үед африкийн хөлбөмбөгчид Орост ирэх нь их болжээ. Самуэль Это`О өнгөрсөн зун “Анжи”-д ирлээ?
-Тийм ээ, цаашдаа олон тоглогч Орост ирэх байх.
-Это`О-гийн талаар юу хэлэх вэ?
-Үнэхээр гайхалтай хөлбөмбөгч. Африкийн олон сая хүний шүтээн болсон хүн. Чухам тэр л Африк тивийн хөлбөмбөгчдөөс хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн. Тэр ямар ч багт тоглосон амжилт дагуулж чаддаг. Это`О “хар тив”-ийн өнөө цагийн хамгийн шилдэг нь.
-Дрогба биш гэж үү?
-Тэр ч гэсэн ялгаагүй шилдэг нь. Би ч гэсэн түүнээс суралцдаг, одоо ч суралцсаар байгаа. -Хөлбөмбөгч бүр багаасаа хэн нэгнийг дуурайж, түүн шиг болохыг хүсдэг. Та хэнийг шүтдэг байв?
-Тийм ээ. Миний багын шүтээн маань Жорж Веа. Хүүхэд байхаасаа түүн шиг болохыг хүсдэг байлаа. Түүний тоглолтыг хэдэн удаа үзсэн ч уйдахгүй шүү. Намайг хүүхэд байхад Африк тивээс өөрийгөө Европт таниулсан цорын ганц хөлбөмбөгч тэр байсан. Бөмбөг хөөсөн африк жаал бүр түүн шиг болохыг хүсдэг байсан биз. Харин одоо Африкт топ зэрэглэлийн хөлбөмбөгч олон болсон.
-Бусад багуудын хөгжөөн дэмжигчдийн өдөөн хатгалтыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Мэдээж, анх намайг арьс өнгөний үзлээр доромжлоход сайхан санагдаагүй. Харин одоо үүнийг нэг их тоодоггүй. Тэдний эсрэг ганц л юм хийж чадна гэдгээ ойлгосон.
-Тэр хийж чадах юм чинь юу юм бол?
-Гоолоор хариу барихыг хүсдэг.
-Япон, Швейцарийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид бас ийм дайралт хийдэг үү?
-Бараг үгүй. Харин ч тун соёлтой.
-Танай орны талаар яривал ямар вэ. Кот-д` Ивуар амьдрахад тун эрсдэлтэй гэж сонссон юм байна?
-Манай оронд амьдрах үнэхээр эрсдэлтэй. Өдөр бүр тайван амьдрах боломж хомс. Адал явдалд дуртай хүмүүс тэнд амьдрах боломжтой (инээв).
-Үүнээс болж танай улсын хөлбөмбөгчид хилийн чанадыг зорьдог байх?
-Тийм ээ. Хэдийгээр манай оронд хөлбөмбөгийн асар ирээдүйтэй хүүхэд олон бий. Хамгийн гол нь тэд Европын лигт тоглож байж, өөрийгөө хөгжүүлж, таниулах болно. Тиймээс Кот-д`Иваурын хөлбөмбөгчид Европт гялалзаж байгаа байх.
-Шигшээ багтаа хэзээнээс тоглох болов?
-2008 оноос хойш тоглож байгаа. Хараахан тус хүргэж чадаагүй л явна.
-Хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг вэ?
-Бүх тоглогчтой сайхан харьцаатай. Тэр дундаа Саломон Калутай илүү дотно.
-Та хөлбөмбөгч болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бол?
-Үнэнийг хэлэхэд хөлбөмбөгөөс өөр юу ч хийж чадахгүй. Миний толгойд өдөр, шөнөгүй, үргэлж хөлбөмбөг бодогддог.
-Английн “Премьер лиг”-т тоглохыг хүсдэг гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Англид тоглохыг мөрөөддөг. Тэнд хөлбөмбөг дээд зэргээр хөгжсөн. Хэзээ нэгэн цагт “Премьер лиг”-т тоглох байх.
"Өдрийн шуудан" сонин
