“Мөрөөдлийн театр” мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн театр” мэндэллээ

Монголд драмын урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож буй энэ үед нэгэн отгон театр үүдээ нээж, өрхөө татсан нь “Мөрөөдлийн театр”. Соёлын төв өргөөнд өчигдөр нээлтээ хийж, эрхэм зочдоо улаан хивсний ёслолоор угтан авсан залуу театрын уран бүтээлчид энэ үдэш анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгээ толилуулав. Цас бударсан үдэш “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, үзэсгэлэнт эхнэр Д.Уянгалянхуагийн хамт, “Fire” хамтлагийн дуучин Д.Далай гэргийн хамт, загвар өмсөгч, мисс Ч.Содтуяа, мисс Х.Бадамгэрэл, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, дуучин Ж.Алтанцэцэг, жүжигчин Ш.Алтанцэцэг, “Outlaw”, “Motive” хамтлаг, драмын урлагтай амьдралаа холбосон жүжигчин, найруулагчид улаан хивсэн дээгүүр алхалж, шинэ театр, шинэ жүжгийн анхны гэрч болсон юм.

Хэдийгээр цас хаялсан жиндүүхэн үдэш байсан ч Соёлын төв өргөөнд танхим дүүрэн үзэгч халуун дуулан уур амьсгалаар “Мөрөөдлийн театр”-ын ууган уран бүтээлийг угтан авсан. Тус театрынхан “Миний нууц хүү” жүжгийг ОХУ-ын алдарт зохиолч Ванпиловын “Ууган хүү” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд тухайн үеийнхээ нийгмийн байдал, залуусын хайр сэтгэл болон бүтэлгүй хайрыг тод харуулсан бүтээл юм. Жүжгийн найруулагчаар Д.Галбаяр ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, залуу жүжигчин С.Дөлгөөн нар тогложээ. Харин дууны хөгжмийг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиож, шүлгийг нь дуучин С.Жавхлан бичиж, Б.Чинбат найруулгыг нь бичсэн байна. Жүжгийн дууг дуучин Б.Амархүү, С.Жавхлан нар хамтран дуулсан юм.

“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийг өчигдрөөс эхлэн 20 хоногийн турш өдөр бүр 22.00 цагаас Соёлын төв өргөөнд тоглоно.


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж