”Эрх баригчид намайг дээрэмдсэн мэт санагдсан”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

”Эрх баригчид намайг дээрэмдсэн мэт санагдсан”

Хятадын Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж явдгаа www.euronews.net

-Таныг улс орныхоо татварын тогтолцооны эсрэг тэмцэнэ гэж дууллаа. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Би татварын шинэчлэл хийлгэхийн төлөө тэмцэхээр тө­лөвлөж байгаа. Энэхүү акцийг гур­ван үе шаттайгаар хийх юм. Өнөөдөр Хятадын зах зээл олон улсаас шууд хамаарах шинжтэй болсон. Үүнд татвар чухал үүрэг гүйцэтгэж байна. “Татвараар дам­жуулж юу ч хийж болно” гэж зарим хүн андуурдаг бололтой. БНХАУ-ын ард иргэдийн амьдрал сайжрах тусам татвар, тэтгэмж гээд олон зүйл дээр нарийвчилсан сайн дүгнэлт хийж, тэднийг дэмжих хэрэгтэй. Гэвч татварын дүрэм журам асуудалтай хэвээр байгаа нь харамсалтай л байна.

-Татварын тогтолцоотой яг яаж тэмцэх вэ. Уран бүтээлээрээ юу, эсвэл хэл амаараа юу?

-Уран бүтээл ч хийнэ, үзэл бодлоо ч илэрхийлнэ. Энэ бол миний үүрэг. Хятадын эрх баригчид дарангуйлагчид биш л бол хүний эрхийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж болохгүй гэдгийг бага ч гэсэн ойлгосон биз. Уран бүтээлийн хувьд ирэх арванхоёрдугаар сард уран зургийн үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Үүнд татвартай холбоотой хэд, хэдэн санааг тусгах хүсэлтэй байгаа нь нууц биш.

-Таны хандивласан мөнгөнөөс хүртэл тодорхой хэмжээний татвар авсан. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Татварын тогтолцоог би үгүйсгээгүй. Хамгийн гол нь хандивийн мөнгө гэдэг “Хандивлах” гэсэн утга санаа илэрхийлж буйг тэд ялгаж салгахгүй байгаа юм. Хүнд сайн сайхныг хүсээд таван килограмм цагаан будаа өгөхөд замаас нь нэг килограммыг нь төр авчихаж болох уу. Энэ ямар гээчийн гаж үзэгдэл болж таарах бол. Хачирхалтай байгаа биз. Энэ мэтчилэн “Хумсалсаар, хумсалсаар…”  гэдэг шиг юм болох гээд байна л даа. Гадны улсуудаас авах татвар ч яах вэ. Хамгийн гол нь ард иргэдээс иймэрхүү байдлаар татвар хураагаад байх юм бол хэн хэнд нь хэцүү л байна.

-Бараг хагас жилийн өмнө таныг шалтгаангүй баривчилж байсан. Суллагдмагцаа хамгийн түрүүнд юун тухай бодов. Хэрвээ цаг хугацааг ухраавал?

-Одоогоос хагас жилийн өмнө намайг баривчилж, хийгээгүй хэргийг минь хийсэн болгож, олны өмнө эрх чөлөөг минь хязгаарлаж байсныг одоо ч сайн санаж байна. Би суллагдаад гарч ирэхдээ өөрөөсөө нэг асуулт асуусан. “Чи одоо юу хийх юм бэ” гэж. Тэр үед би хоёр, гурван өдөр бодолд автсан. Гэнэт  надад Хятадын эрх баригчид намайг дээрэмдсэн юм шиг л санагдсан. Энэ нь нэг төрлийн айдас гэх үү дээ. Ингээд л олон санаа хөвөрч эхэлсэн дээ.

-Таныг дэлхийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчээр шалгарууллаа. Энэ талаар юу гэх вэ?

-Би сонссон. Хамгийн гол нь шударга үнэний талд үргэлж бай. Тэгвэл чиний өмнө нь хүсэж байсан зүйл чинь жижигхэн зүйл болон хувирч агуу мөрөөдөл тань таныг хөтлөх тэр агшин хүртэл хичээ. Нөлөө бүхий гэхээр би гайхаж байлаа. Хэнд, юунд нөлөөлөх гэж. Үнэн зүйл ялан дийлж, буруу зүйл ялагддаг гэдгийг бүгд л мэддэг биз дээ.

-Хятадын Засгийн газраас баримталж байгаа татварын талаар юу гэх вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн Хятадын эрх баригчид намайг дээрэмдсэн мэт сэтгэгдэл одоо ч байна. Ер нь нэг тийм үг байдаг даа. “Тэр дээр гарсан эрх мэдэлтэнд ямар ч хязгаарлалт хийгээд түүний хүслийг хориглож дийлэхгүй”  гэж.  Нэгэнт эрх мэдэлтэй болсон л бол түүнийг хадгалахын тулд үхэн үхтлээ тэмцэх бүхий л арга замыг хайж эрэлхийлдэгтэй адил. Манай улсын Засгийн газрын хувьд зарим зүйл дээр шүүмжлэлтэй хандах зүйл байна. Гэхдээ шүүмжлэх болгонд алдаагаа засаад байх юм бол сайн сайхан улс орон бий болох  учиртай байх аа. Хэн юу ч гэсэн сайн сайхан амьдралын төлөө л хийсэн байж таарна. Түүнээс “Энэ нөхөр өөрөө эрх мэдлийг гартаа авах гээд байна. Түүнийг бушуухан дарчих юм бол асуудалгүй” гэж болохгүй л байх.

-Хятад эдийн засгийн чадамжаа татвартай холбож, ач холбогдол өгөөд байна гэж та бодож байна уу?

-Манай улсын эдийн засаг ч яах вэ. Хятадын эдийн засгийг өсгөхөд том хувь нэмэр оруулсан хүмүүсийн мөнгөнөөс их хэмжээний татвар аваад байх юм бол цаашид яах юм бэ. Утгагүй биз дээ. Хэн нэгэн мөнгө хийгээд л байна, хийгээд л байна. Түүний олсон мөнгөнөөс авч буй татвар нь ихэссээр байх юм бол эргээд ядуурал руу шилжих болно. Эсвэл ард иргэдээс авч буй их хэмжээний татварын тайланг сар бүр, долоо хоног бүр ямар нэгэн сайтад байршуулчих хэрэгтэй шүү дээ. Ер нь татварын мөнгө хаашаа ч ороод байгаа юм. Тодорхой зүйл ер байхгүй байна.

-Хятад улс ОХУ-ын Ерөнхий сайдад саяхан Эрх чөлөөний одон олгосон. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ шагналыг ирэх сарын 9-нд олгоно гэж дуулсан.  Миний мэдэхийн Олон улсын энхтайвны судалгааны төвөөс В.Путинийг нэр дэвшүүлсэн юм байх. Эрх чөлөөний одонг номер нэг терроризмтой тэмцэгч тул олгох гэж байгаа гэсэн. Эрх чөлөө гэдэг үг ямар утгатайг хэн, хэн нь ойлгох хэрэгтэй болов уу. Миний ойлгосноор В.Путинд 1999 онд Чечений дайныг эхлүүлснийх нь төлөө өгөх гээд байгаа юм уу, НАТО-ийн Ливид явуулсан энхийн ажиллагааг эсэргүүцэж хүний эрхийг зөрчиж байна гэснийх нь төлөө уг одонг өгөх гээд байгаа юм уу. Ер нь сайн ойлгоогүй.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж