Монгол Улсын үндэсний номын сан шинжлэх ухааны хөгжил, ард түмний оюун санааны соёл гэгээрэлд үлэмж үүрэг гүйцэтгэснийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Монгол түмний бичиг соёлын хосгүй өвүүдийг цуглуулан эмхтгэж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж ирсэн Та бүхний ажил үйлсээр Монголын төр, ард түмэн бид бахархаж байдаг билээ. Үндэстний оюун санааны хосгүй энэ санг бүрдүүлэн XXI зууны уншигчдад толилуулагдахад Монголын үндэсний номын санг үндэслэгч Жамъян гүн, Цэвээн Жамсран, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэн судлаачид ихээхэн хувь нэмэр оруулсан юм” гэдгийг онцолсон байна.
Эдүгээ дэлхий дахин, Ази тивдээ оройлох ховор өв сан бүхий дэлхийн хэмжээний бичиг соёлыг багтаасан Үндэсний номын сангаа төр, засгаас анхаарч дэмжих нь зайлшгүй бөгөөд энэ тэргүүний ажил байх болно гэдгийг уг мэндчилгээнд дурдаад шинжлэх ухааны хөгжлийн XXI зуунтай хөл нийлүүлэн дэлхийн жишигт хүрсэн номын сангийн орчинг бүрдүүлэх, чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх, техник технологийн ололтыг нэвтрүүлэх, номын сангийн эрх зүйн орчинг тодорхой болгох томоохон зорилтыг тус хамт олон амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Улсын Их Хурлын даргын Олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөх Б.Золбаяр өнөөдөр болсон тус номын сангийн 90 жилийн ойн баярын хурал дээр уг мэндчилгээг гардууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.