Бүсийн чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Бүсийн чуулган боллоо

Баянхонгор аймгийн нийт сум, сургуулийг таван бүс болгон Богд, Баянцагаан, Хүрээмарал, Жаргалант, Өлзийт сумдад “Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжье” бүсийн чуулганыг аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс зохион явуулжээ.

Сургалтад сумдын 19 сургуулийн идэвхтэй сонгуультан, урлагийн авьяастан, манлайлагч 200 шахам сурагч, 100 шахам багш сурган хүмүүжүүлэгч, төлөөлөгч хамрагдав. Энэ үеэр хүүхэд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлсэн байдал, бусдыгаа манлайлах чадварыг нь үнэлэх зорилгоор “Шилдэг удирдагч” олимпиадыг 23 сургуулийн 115 хүүхдийн дунд явуулж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулжээ. Мөн хүүхэд багачуудыг хөгжүүлэх, авьяас билгийг нь нээн илрүүлэхэд олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж, урлагийн авьяастныг олноор төрүүлэн гаргасан ахмад багш нарыг Хүүхдийн төлөө хэлтсийн “Багш Эрдэнэ” алтан медалиар шагнаж урамшуулсан байна. Баянцагаан сумын дуу хөгжмийн багш н.Жаргалсайхан, Шинэжинст сумын багш н.Жандагмаа, Заг сумын Соёлын төвийн эрхлэгч н.Орхонтамир, Бууцагаан сумын сургуулийн нийгмийн ажилтан н.Золзаяа зэрэг 10 гаруй багш сурган хүмүүжүүлэгч энэ шагналын хүртэв. Сумдын соёлын төвийн эрхлэгчид, дотуур байрын багш, дуу хөгжмийн багш, сумын хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, багш сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэд, өсвөр үеийнхнийг хөгжүүлэхэд хамгийн чухал оролцоотой хүмүүсийг хамруулж хийсэн энэхүү сургалт нь мэдээ, мэдээллээс хол байдаг хөдөөгийн хүмүүст чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг сумдынхан онцолж байв.

Б.Мөнхзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж