
Гадаадын хэвлэл Каддафийн эмэгтэйчүүд алга болсныг сануулж байна. Тэдний талаар олон янзын яриа гарчээ. Каддафийн газар доорх нууц байрандаа 40 эмэгтэйнхээ хамт бүгсэн гэж байгаа. Иргэний дайн эхлэнгүүт тэрбээр хамгаалагч эмэгтэйчүүдээ хөнөөсөн гэж зарим хэвлэл өгүүлсэн байв.
Хамгаалагч эмэгтэйчүүд Ливигээс сайн дураараа явах ямар ч боломжгүй гэж хэвлэл бас онцолжээ. Эдгээр эмэгтэйчүүд Каддафид маш үнэнч бөгөөд амиараа түүнийг хамгаалахаас буцахгүй. Жишээлбэл 1998 онд террористууд Каддафийн цуваанд халдах үеэр нэг эмэгтэй нь биеэрээ лидерээ хаан амь үрэгдэж, долоон эмэгтэй шархадсан юм.
Энэ үеэр Ливийн дарангуйлагч дахин үг хэлж “Аль-Каидагаар” бүхнийг айлган буруутгаж байна. Мөн барууны орнууд Ливид довтолбол Ливийн ард түмэн зэвсэг барин босно гэж сануулсан байна. Барууны орнууд манай нефтийг хулгайлан улс оронд хяналтаа тогтоох гэсэн үнэнийг ард түмэн хараад зэвсэг барин тэмцэх болно гэж тэрбээр мэдэгдлээ. Энэ үеэр Ливийн дарангуйлагчийн мэдлийн таван онгоцны нэг нь Египетэд нөгөө нь Брюссельд, үлдсэн нь Португалид очжээ. Онгоцоор Каддафийн саналыг хүргэж ирсэн бололтой. Мөн тэрбээр өөрт нь тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө өгвөл засгийн эрхээ шилжүүлнэ гэж санал тавьсан тухай яриа гарчээ. Сөрөг хүчин дахин цус урсгахгүйн үүднээс Каддафийн гэр бүлд аюулгүйн баталгаа өгөн хойноос мөрдөж мөшгөхгүй гэж мэдэгдсэн байна.