Украин, Польшийг зорих сүүлийн дөрвөн шигшээ багийн нэр тодорхой болсноор ирэх жилийн зургадугаар сарын 8-нд эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт өндөрлөсөн билээ. Тэгвэл, шигшээ тэмцээний сугалаа ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Украйны нийслэл Киев хотноо болно. UEFA-гаас сугалааны өмнө багуудыг чансаагаар нь дөрвөн пот буюу сагсанд хувааж ангиллаа. Чансааны дагуу сагс тус бүрээс нэг багийг сугалж, нэг хэсэгт өрсөлдөх багуудыг бүрдүүлэх юм. Чансааг үнэлэхдээ 2010 оны ДАШТ-д оролцсон амжилт, урьдчилсан шалгаруулалтад хэр өрсөлдсөн амжилт болон өмнөх “Евро 2008” тэмцээнд үзүүлсэн амжилт, дээр нь энэ жилийн урьдчилсан шалгаруулалтад хэрхэн оролцсоныг харгалзан үзжээ. Ингээд нэгдүгээр сагсанд тэмцээнийг зохион байгуулах Украин, Польш болон “Евро-2008”-ын аварга Испани, дэлхийн аварга болоод урьдчилсан шалгаруулалтад 100 хувийн амжилттай оролцсон Голландын шигшээ багууд багтжээ. Харин хоёрдугаар сагсанд хэсгээ тэргүүлсэн Герман, Итали, Англи, Оросын шигшээ багууд орсон байна. Гуравдугаар сагсанд Хорват, Грек, Португаль, Шведийн шигшээ багууд багтсан бол хамгийн чансаа багатай дөрөвдүгээр сагсанд Дани, Франц, Чех, Ирланд улсууд багтсан байна.
Score Studio