
Австралийн эдийн засагч, доктор Брайн Фишер Монголын эрдэмтэдтэй хамтран уг судалгааг хийсэн бөгөөд тэрбээр айсуй өсөлтийн хурдыг таамаглахдаа “Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа” хэмээн дүгнэжээ. Энэхүү давалгаа, хэлбэлзэл урьдчилан төсөөлснөөс хавьгүй их төдийгүй хүчтэй байх нь. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос орох бүх орлогыг хөрөнгө оруулалт болгосноор офшор сан ч байгуулах боломжтой гэнэ.
Доктор Б.Фишерийн хамт энэхүү үнэлгээний загварыг гаргасан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Батдэлгэр “Офшор сан ийм том болно гэж төсөөлөө ч үгүй” хэмээн дуу алдсан аж.
Оюутолгой маш том боломж гэдгийг би мэддэг ч үнэндээ үнэлгээний үр дүн түүнээс хавьгүй их байсан” хэмээн ярьж байна. Мөн доктор Түвшинтөгс “Судалгааны үнэ цэнэ зөвхөн үүнд л оршиж буй. Энэ том төслийг хэрэгжүүлснээр эдийн засаг өснө гэдгийг бүгд мэдэж байсан. Харин чухам ямар өсөлт вэ гэдэг нь чухал бөгөөд тэрхүү хариулт бүрхэг байсан. Одоо бид Оюутолгой эдийн засагт яг ямар хэмжээний хамааралтайг олж харлаа. Хариулт тун тодорхой болсон гэж бодож байна” гэсэн юм. Сайн мэдээ дуулгах шиг сайхан, бас буянтай үйл гэж байхгүй. Тэгвэл сайн мэдээ, сайхан хариулт бүхнийг та одоо хүртэх гэж байна.
Одоо энэ хариултыг та бүхэнд толилуулъя. Оюутолгой төслийг хэрэгжүүлснээр дэд бүтцийн салбарт хамгийн их өөрчлөлт орох ажээ. Улаанбаатарт өрнөж буй бүтээн байгуулалт ч үүний нэг илрэл юм. “Уул уурхай эдийн засгийг өөрчилнө. Уурхайн зүг нислэг үйлдэх болсноор орон нутагт хөгжил авчирна. Монголын иргэний нисэхийн үйлчилгээ огцом өсч буйг зорчигчийн тооноос харж болно. Олон улсын нислэг 38 хувиар нэмэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал дотоод нислэгийн чиглэл 98 хувиар өсчээ. Бараг 100 хувийн өсөлт. Энэ өндөр үзүүлэлт биш гэж үү. Энэ талаар доктор Б.Фишер “Монголын эдийн засаг Австралийнхтай адил өсч байна. Өнгөрсөн долоо хоногт “Кантас” компани Сидней, Пертийн хооронд 747 онгоц нисгэхээр болсон. Хүн амыг тооцвол үнэхээр гайхмаар шийдвэр” хэмээн жишээ татан өгүүлсэн юм. Харин одоо Оюутолгой төслөөс Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааны “амттайхан” үр дүнгээс мэдээлье.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны сүүлчээр гарын үсэг зурсан. Тэр үеэс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл модон хаалга, цонхны үйлдвэрлэл л гэхэд өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш 258 хувь, зүсмэл банзных 300 хувь, цементийн үйлдвэрлэл даруй нэг дахин өссөн байна. Зөвхөн барилгын материалын үйлдвэрлэл өсөөд зогсохгүй барилга, угсралтын ажил ч эрс нэмэгдсэн нь тодорхой. Улаанбаатар хотын зоогийн газруудын нийт орлого өнгөрсөн үеийнхээс бүр 800 хувиар өссөн дүн гарчээ. Зөвхөн наад захын жишээ энэ. Түүнчлэн зам, төмөр зам шинээр бий болж, түүнийг дагаад барилга байгууламж, ажлын байр нэмэгдэх гээд дурьдаад байвал эдийн засгийн их өсөлтийн давалгаан дунд амьдарч буйдаа бид бахархаж, талархаад баршгүй.
Ашигт малтмал, газрын баялгаараа хөгжиж буй орон бүр ийм амжилтад хүрч чаддаггүй ажээ. Тухайлбал, Нигер, Конгог харахад дотоодын мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадвар нь уламжлалт экспортын бүтээгдэхүүндээ дарамт учруулж, импортыг үнэгүйдүүлдэг байна. Эдийн засаг нь дотогшоо чиглэсэн, импортоос хамааралтай, эдийн засгийн бүтэц нь цөөн нэр төрлөөс бүрддэг энэ нөхцөл байдлыг “Голланд өвчин” хэмээдэг. “Рио Тинто” компани энэхүү үнэлгээг хийлгэх болсон шалтгаан нь ч мөн л “Голланд өвчин”-өөс хамааралтай ажээ. Тэд “Оюутолгой маш том учир Монголын эдийн засагт энэ өвчнийг халдварлуулах магадлалтай хэмээн сэрэмжлэх үүднээс энэхүү судалгааг хийлгэсэн юм. Нэгэнт үр дүн тодорхой болсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх боломжтой боллоо хэмээн тэд үзэж байна. Энэ тухай дараагийн нийтлэлд тодорхой дурьдах учир хойш тавья. “Хэдийгээр бид тодорхой төсөөлөлтэй байсан ч баялгийн сан ийм ихээр өсөн нэмэгдэх боломжтойг хараад үнэндээ гайхсан. Хэрэв орлогыг бүгдийг нь офшор болговол баялгийн сан 2040 он гэхэд 31-32 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болно.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин