В.Нямхандад холбогдох хэргийг дахин нягтлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

В.Нямхандад холбогдох хэргийг дахин нягтлахаар боллоо

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандыг шүүх анхан шатны шүүх хурал өчигдөр Нийслэ­лийн Хан-Уул дүүргийн шүү­хийн танхимд хаалттай боллоо. Шүүгч Ё.Цогтзандан, прокурор Ё.Сагсай  бо­лон шүүгдэгч В.Нямханд, түүний өмгөө­лөгч Ц.Цэрэнжээ нар уг хуралд оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1 дүгээр зүйлийг үндэслэн шүүх хурал өглөөний 10:00 цагт эхлэв. Төрийн нууцын холбоотой шүүх хурал учраас шүүгдэгчийн ар гэр, сэтгүүлч­дийг дотогш орохыг хоригло­сон юм. Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд 10:00 цагаас эхэлсэн хурал өдрийн 01:25 цаг хүртэл үргэлжиллээ. Шүүх хурал эхлэхийн өмнө сэтгүүлчдийн хөлд дарагдаж байсан шүүх танхимын үүдний орчим 12:00 цаг гэхэд эл хуль байв. Удалгүй нэг цаг гаруйн дараа шүүх хурал тарав. Хаалттай  болж буй учраас тэнд оролцсон шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүгдэгчийн хэн нь ч сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Тэр тус­маа шүүгдэгчээс яриа авах ямар ч боломж байсангүй. Тус шүүх хур­лын талаар Нийслэлийн прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “Төрийн нууц­тай холбоотой учраас ямар нэгэн мэдээл­эл өгөх боломжгүй. Хэрэг дахин мөрдөн байцаалтад шилжсэн. Байцаалт дууссаны дараа дахин шүүх хурал болно. Тэгснээр В.Нямхандад ямар ял оноох нь шийдэгдэнэ. Урьд­чилж ялын хэмжээг хэлэх боломжгүй” гэв. Мөн тус шүүх хурлыг даргалсан шүүгч Ё.Цогтзандангаас шүүгдэгч Тагнуулын байгууллагын дотоод хууль, дүрэм зөрчсөн хэрэгт давхар буруутгагдаж байгаа  талаар асуухад мөн л хариулт өгөхөөс татгалзсан юм. Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Шүүгдэгч болон шүүхээс мэдээлэл өгч болно гэсэн тохиолдолд хариулт өгөх боломж­той” гэлээ.  Ямартай ч түүнийг “төрийн нууц задруулсан” гэх үндэслэлээр шүүж байгаа нь тодорхой болсон. Учир нь тагнуулынхан түү­нийг анх Эрүүгийн хуулийн 87.1 буюу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажил­лагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноо­соо урвах, тагнуул хийх гэмт хэр­гийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу шалгаж байгаад Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлсэн аж. Харин дараа нь мөрдөн байцаалтын явцад хэрэг нэлээд хүндрэх тийшээ хандаж хуулийн өөр заалтаар В.Нямхандыг шалгажээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  XIV бүлгийн 79.1 дүгээр  зүйлийн “Эх орноосоо урвах” гэсэн заалтад тусгаснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагтай хамтран ажилласан” гэх зэрэг тохиолдолд “16-25 жил хүртэл хорих ял онооно” гэсэн заалт байх юм. В.Нямхандыг төрийн нууц задруулсан нь тогтоогдвол бүх насаараа хоригдох буюу 25 жилийн хорих ял оноох аж.

В.НЯМХАНД ТӨРИЙН ЯМАР НУУЦ ЗАДРУУЛАВ, ТАГНУУЛЫНХНЫ ХАРААНД ЯАГААД ӨРТӨВ?

Дэд хурандаа В.Нямханд 20 гаруй жил тагнуулын байгууллагад ажилласан, тус байгууллагыг сайн мэддэг нэгэн. Тэрбээр 1997-2009 он хүртэл  Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд  дэд даргын алба хашиж байв. Харин 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тагнуулын Ерөнхий газрын дарга  Р.Болдын шийдвэрээр Нийслэлийн тагнуулын газарт шилжжээ. Гэвч түүнд энэ томилгоо тохирсонгүй бололтой төд удалгүй нэгэн нөхрийнхөө хурандаа цолны дайллаганд “Савана” рестронд очиж сахилгын зөрчил гаргаснаас  болж ажлаас нь халжээ. В.Нямханд Ганцхудагт орох хүртлээ мэргэжлээрээ ямар ч алба хашаагүй, бас ямар ч цалин аваагүй гэнэ. Гэвч түүнийг мэргэжил нэгт нөхөд нь Зайсангийн тэнд гэнэт үнэтэй байр авч, тансаг автомашин хөлөглөх болж, тагнуулын дотоод дүрэмд заасны дагуу ажлаасаа гарсан тохиолдолд гурван жилийн дотор гадагш гарч болох­гүй гэсэн заалтыг зөрчин Хятад зэрэг орны бизнесменүүдтэй чөлөө­тэй зугаалах болсонд хар авчээ. Төд удалгүй тагнуулынхан мөрдөх аж­лаа эхэлсэн аж. Тэд В.Нямхандыг хятадууд­тай нэлээд ойр дотно байсныг  зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэнэ. Тухайлбал түүний ашигт малтма­лын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн­хөө най­зуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон гэх зэрэг материалуудыг илрүүлсэн бай­на. Чухамдаа  стратегийн ач холбог­долтой төрийн мэдлийн орд газрыг хятадуудад мэдээлсэн нь төрийн нууц задруулсан болж таарах нь. В.Нямханд өөрөө ч Тагнуулын албанаас халагдсан хоёр жилийн хугацаанд хэнтэй хаана юу хийх гэж явснаа нуулгүй хэлсэн гэнэ. Гэхдээ төрийн нууц задруулсан гэхийг үгүйсгээд харин “ Би хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байсан юм” хэмээжээ.Мөн тагнуулынхан түүнийг гадны тусгай албатай холбоотой байсан, тэднээс мөнгө авсан гэх баримтыг ч илрүүлснийг албаны эх сурвалж хэлсэн. Гэхдээ анх түүнийг шалгаж эхэлж байхад Англи Улсад баривчлагдаад байсан Б.Хурцын асуудалтай холбоотой байж магадгүй талаар мэдээлэл гарч байв. Учир нь Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байх үед В.Нямханд Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар ажиллаж, Дамирангийн Энхбат агсныг Францаас баривчилж ирэх ажилд гар бие оролцож байсан таван хүний нэг байжээ. Мөн Б.Хурц Англид баривчлагдах үеэр түүнийг Тагнуулынхан шалгаж эхэлсэн зэрэг нь олон асуудлыг үүсгээд байгаа. Өмнө нь Цахилгааны Жаргалсайхан төрийн нууц задруулсан хэргээр ял сонсч байв. Харин В.Нямханд Ц.Жаргалсайханы өмгөөлөгчийг туршлагатай гэсэн үү,  гавьяат хуульч  Т.Жанцангаар өмгөөлүүлэхээр болж байгаа гэнэ. Ямартаа ч В.Нямхандын хэрэг олон нууцыг хадгалж байгаа бололтой…

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж