
Малайзын нийслэл Куала Лумпур хотод Монголын шигшээ баг футзалын 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцлоо. Зүүн бүсийн “А” хэсэгт БНСУ, Хонконгийн багтай өрсөлдсөн тэд хожил авч чадсангүй. Баг тамирчдыг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн захирал И.Отгонбаяр удирдсан юм. Анх удаа уг тэмцээнд оролцож байгаа тэд эхний тоглолтоо Гуулин улс багтай хийж 5:1-ээр хожигдов. Монголын багийн цорын ганц нэр төрийн гоолыг Б.Гарьдмагнай 37 дахь минутад оруулжээ. Харин Солонгосын багаас Шин Жон Хүүн хет-трик хийсэн байна. Тэгвэл Хонконгийн эсрэг хийсэн тоглолдоо 3:0-ээр хожигдсоноор ирэх жил болох Азийн аваргад оролцох эрхгүй болов. Уг нь тэмцээний дүрэм ёсоор хэсэг тус бүрээс эхний хоёроор гарсан баг Зүүн бүсийн шөвгийн дөрөвт үлдэх байлаа. Футзалын хөлбөмбөгийг дөнгөж хөгжүүлж эхэлсэн манай улсын хувьд энэ нь чамлахааргүй амжилт болохыг мэргэжилтнүүд ярьж байна. “Монголын хөлбөмбөгчид Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнд оролцож байгаа нь сайшаалтай хэрэг. Хэдийгээр энэ удаа амжилт үзүүлээгүй ч тэд цаашид илүү туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна. Тамирчдаа илгээсэн Монголын хөлбөмбөгийн холбоонд талархал илэрхийлье. Монголчуудад суралцах зүйл их байна” хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид болох Азийн хөлбөмбөгийн холбооноос ярьжээ.
“Спортын шуудан” сонин