Дизель түлш ховордож магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Дизель түлш ховордож магадгүй

ОХУ-ын Эрчим хүч­ний яам энэ сараас эхэлж дизель түлшнийхээ экс­пор­тын хэм­жээг огцом ба­гасгажээ. Ин­гэснээр ОХУ-ын дизель түлш­ний экс­пор­тын хэмжээ өмнөх са­руудтай харьцуулахад 80 орчим хувиар буурах юм байна. Тус улсын Эрчим хүчний яамныхан авч буй арга хэмжээнийхээ талаар “дотоодын зах зээлд ялангуяа Москвад дизель түлшний хомсдол үүсэхээс сэргийлж ийм алхмыг хийсэн” гэж тайлбарлажээ.

Тэгвэл энэ нь манай улсад ямар үр дагавар бий болгох талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бод­логын газрын мэргэжилтэн Л.Рад­наасүрэнгээс тодруул­сан юм.

-ОХУ дизель түлш­нийхээ экспортыг хязгаар­ласан нь ма­най улсад ямар нэгэн сө­рөг нөлөө үзүүлэх үү. Ту­хайлбал, дизель түлш­ний хомс­дол үүсэх ч юм уу?

-Мэдээж нийлүүлэлт бага­саж байгаа юм чинь хомсдол үүсэх магадлалтай. Гэхдээ ма­най улсад дизель түлшний нөөц хангалттай байгаа учир энэ сардаа л хомсдол үүсэхгүй байх.

-Тэгвэл ирэх сараас хомсдол үүсэж магадгүй гэсэн үг үү. Үнэд нь ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?

-Ирэх сарын үнийн санал энэ сарын сүүлчээр ирнэ. Тухайн үед үнийн саналыг харж байгаад зах зээлийн үнэ, ханшийг тогтооно. Гэхдээ Засгийн газрын хурал­даанаас дизель түлшний онцгой албан татварыг бууруулсан учир үнэд нэг их өөрчлөлт орохгүй л болов уу.

-Дизель түлшний нөөц хэр байгаа вэ?

-Нөөц хэвийн хэмжээнд байгаа.

-АИ-92 шатахууны үнэ нэ­мэгдсэнээс болоод ч юм уу хотын захын ШТС-ууд олгохгүй байх тохиолдол гарч байгаа гэсэн. АИ-92 шатахууны нөөц бага байгаа юм уу?

-АИ-92 шатахууны нөөц ч хэ­вийн хэмжээнд байгаа. Тухайн компаниас л хамаарч дээрх асуудал гарч байгаа байх. Шатахууны таталт зэргээс нь хамаарч байж магадгүй.

Р.Батбаяр: ОХУ ТОХИРОЛЦСОН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖ БАЙГАА

Албаны эх сурвалж дээрх ха­риултыг өгсөн юм. Харин Нефть ассоциацийн захирал Р.Батбаяр доорх хариултыг өгсөн юм.

-ОХУ дизель түлшнийхээ экспортыг хязгаарлажээ. Үүнээс өмнө манайд энэ талаараа ямар нэгэн мэдээлэл өгсөн болов уу?

-ОХУ дотооддоо дизель түлш­ний асуудалтай байгаа ч манай улсад нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгах талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн тохиолдол алга. Энэ сарын хувьд бүх зүйл тохирсон хэмжээгээрээ л явж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад шатахуун нийлүүлдэг. Тус компани манай улстай шатахуун нийлүүлэх хэмжээгээ тохирчихсон байгаа.

-”Роснефть” компани ямар хэмжээгээр шатахуун нийлүүлдэг юм бэ?

-Монгол Улсыг гал алдуулахгүй хэмжээний шатахуун нийлүүлж байгаа. Энэ нь дизель түлш 30-40 мянган тонн, шатахуун 50-60 мянган тонныг сард нийлүүлдэг гэсэн үг юм. Энэ хэмжээгээр нийлүүлж ч байгаа. Одоохондоо ямар нэгэн өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн зүйл алга байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж