“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарчээ

Эмхтгэлийн шинэ дугаарт, Жолоочийн даатгалын тухай хууль болон уг хуулийг дагалдан гарсан хуулиудыг нийтэллээ. Энэхүү хуулиар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулах бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглож байгаа юм.

Даатгалын гэрээ, түүний хугацаа, даатгалын баталгаа, үнэлгээ, хураамжтай холбоотой бүхий л мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” ээс авах боломжтой. Түүнчлэн ямар тохиолдлыг даатгалынх гэж үзэх, жолоочийн болоод хохирогчийн хүлээх үүрэг, хохирлын хэмжээг тодорхойлох, нөхөн төлбөр олгохтой холбоотой бүхий л мэдээллийг эмхтгэлд багтаалаа. Мөн Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолд дээрх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий автотээвэр,  төрийн захиргааны байгууллагын ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, холбогдох сургалтад хамруулах, эдгээр байгууллагын бүтэц, орон тоог зохицуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Даатгалд хамруулах ажлыг жил бүрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажилтай нэгтгэн зохион байгуулж байхаар тогтоожээ.

“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Шинээр барих төмөр замын суурь бүтцийг барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бүрдүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ХК-ийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу шинэчлэн тогтоож, төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар уг тогтоолд тусгажээ. Журамд нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт оруулсан бөгөөд иргэд нэг сая төгрөгийн хишиг,  хувиа орон сууц худалдаж авах, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт хэрхэн зарцуулахыг уг журмын нэмэлтээр тогтоожээ. Энэ үйлчилгээг авах иргэд ямар шаардлага хангах, хэрхэн бичиг баримтаа бүрдүүлэх талаар нарийн мэдээллийг авах бололцоотой.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

2011.11.17  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж