Сүхбаатарчууд архигүй Монгол аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Сүхбаатарчууд архигүй Монгол аянд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриатай нэг сарын аянд их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийнхан хамрагдлаа. Баруун-Урт суманд хоёр хоног үргэлжилсэн хэлэлцүүлэг, уулзалтад залуу үеийнхэн идэвхтэй оролцож архины хор холбогдлын талаар лекц сонсон, архигүй Монголыг бий болгохын төлөө Сүхбаатар аймгийнхан өөрсдийн хувь нэмрээ оруулахаар болжээ. Уулзалт хэлэлцүүлэг дээр яригдаж байсан тоо баримтаас үзэхэд тус аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 180 цэг байгаа нь насанд хүрэгч 226 хүнд нэг цэг ногдож байна. Сүүлийн гурван жилд тус аймагт 588 гэмт хэрэг бүртгэгдсэний 20 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд архинд донтох өвчтэй 40 орчим хүн байнгын хяналтад байдаг гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр өсч гурван жилийн дүнгээр жолооны эрхээ хасуулсан хүний тоо хагас мянгыг давсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллахдаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгад “өөрийн байгууллагадаа гурваас таван жил ажилласан архи уудаг этгээд буюу “архинд донтогч”-ийг архинаас гаргах эмчилгээний зардлыг тухайн байгууллага нь гаргадаг байх, согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр худалдаалах, түүнчлэн нэр алдартай, нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг төрөөс ямар нэгэн гавьяа шагнал авсан хүн архи, согтууруулах ундааг сурталчлах, түүнтэй холбоотой сурталчилгаанд ямар нэгэн байдлаар оролцсон тохиолдолд хариуцлага тооцдог байх” зэргээр зарчмын шинжтэй хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар болсноо иргэдэд тайлбарлан таниулж байлаа.

“Архигүй Монголын төлөө хамтдаа” үндэсний сүлжээнд одоогоор 80 гаруй Төрийн бус байгууллагууд нэгдээд байгаа бөгөөд Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч хамтарч ажиллахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж