Хүүхдийн хөгжил урлагийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөгжил урлагийн наадам боллоо

Дэлхийн зөн Монгол ОУБ, Төв аймгийн боловсролын газартай хамтран “Дэлхийн Зөн-Хүүхдийн Хөгжил” бүсийн наадмыг өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Зуунмод хотын “Монгол туургатан театр”-ын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадам долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ. Уг наадамд зургаан сумын зургаан сургуулийн авьяаслаг сурагчид хүүхдийн дуу, англи дуу, үндэсний хөгжмийн хамтлаг, цэнгээнт бүжгийн төрлөөр оролцож,  авьяас чадвараа сорисон юм. Мөн англи хэл дээр дэлхийн сонгодог зохиолуудыг жүжигчлэн тоглож, урлагийн их тайзан дээр маш амжилттай амилуулж байгааг нь наадмыг үзэж, сонирхсон хүмүүс шагшин магтаж байсан юм. Англи хэлний тоглолтоор Батсүмбэр сумын хүүхдүүд “Миний чин зоригт бяцхан найз” жүжигчилсэн тоглолтоор тэргүүн байр, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолборын сурагчдын “Цасангуа ба долоон одой” тоглолт удаах байрт, Баянчандмань сумын сурагчид “Одиссей” зохиолоор гуравдугаар байрыг тус тус эзэллээ.  Дэлхийн хэлээр дуулж, бүжиглэхээс гадна алдарт сонгодогуудыг энэ л хэл дээр тоглож байгаагаас нь харахад хөдөө, орон нутагт англи хэлний сургалт үнэхээр гайхамшигтай төвшинд хүрчээ гэж хэлэхээр байсан. Мөн энэхүү наадам нь бага ангийн сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой аж. Наадмын эхний гурван байрт ерөнхий дүнгээрээ Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургууль, Батсүмбэр сумын сургууль, Зуунмод сумын V сургуулийн сурагчид тус тус шалгаран, 800 мянгаас нэг сая таван зуун мянган төгрөгний үнэ бүхий үндэсний хөгжмийн зэмсгээр шагнууллаа. Наадамд оролцсон нийт зургаан сургуулиас эхний гурван байр шалгаруулахаас гадна төрөл тус бүрээр байр эзлүүлсэн юм. Үүнд, хүүхдийн дууны төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын V сургуулийн сурагч Сүхбат, удаах байрт “Хүмүүн” цогцолборын сурагя Баясулад, гутгаар байрт IV сургуулийн сурагч Номин-Эрдэнэ нар шалгарсан бол цэнгээнт бүжгийн хамтлагийн төрөлд Сүмбэр сумын “Алтан бүжиг” хамтлаг тэргүүн байр эзэлж, удаах байрт “Хүмүүн” цогцолбор сургуулийн “Хүслийн жигүүр” хамтлаг, гутгаар байрт Батсүмбэр сумын “Золбоо” хамтлаг тус тус шалгарчээ. Харин үндэсний хөгжмийн хамтлаг төрөлд “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагчид тэргүүлж, V сургуулийн сурагчид удаалжээ. Гутгаар байрт Баянчандмань сумын хамтлаг шалгарсан байна. Түүнчлэн англи дууны төрөлд тэргүүн байрыг Батсүмбэр сумын сурагч Болор, Удаах байрт “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Номин-Далай, гутгаар байрт IV сургуулийн сурагч Баярболд нар шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж