Цахилгааны ”Sale”-д 100 мянган өрх хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Цахилгааны ”Sale”-д 100 мянган өрх хамрагдана

Улаанбаатар агаарын бохирд­лын­хоо хэмжээгээр дэлхийд “аман хүзүүдэх” болсон. Энэ асуу­дал үе үеийн эрх баригчдын толгойны өвчин болсоор удаж байна. Хэдийгээр олон жилийн өмнөөс нийслэлийн агаарыг “ариусгаж”, утаа, тоостой нь тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийг цөөнгүй хэрэг­жүүлж буй ч үр дүн муутай байгаа. Өнөөдөр ч Улаанбаатарын утаа нүд, хоолой хорсгосон хэвээр, хорт хавдрын эх уурхай болсоор л байна.

Засгийн газар хоёр, гуравхан жилийн өмнөхөн “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэг­жүү­­лэхээр болсон хэдий ч тун удал­гүй “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрт шингээж орхи­сон билээ. Нэг сумаар хоёр туулай буудахаар “100 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бага дунд орлоготой иргэдийг байртай болгох, Улаанбаатарын агаарын бохирдлыг асуудалгүй болгохоор төлөвлөсөн хэдий ч энэ нь “Мянгуужингийн үлгэр” болоод хувирсан. Тиймээс оргүйгээс охинтой нь дээр гэгчээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буйн нэг нь гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журмыг Засгийн газраас гаргасан явдал байв.

Дээрх шийдвэрийн хүрээнд нийс­­­лэлийн агаарын бохирдлыг буу­руулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрх цахилгааны үнэдээ 50 хувийн урамшуулал эдлэх болж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх өр­хүүд эл хөнгөлөлтийг  эдлэх юм биш. 

Одоогоор нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд  50 хорооны 100 мянга орчим өрх багтжээ. Эдгээр өрхүүд  эрчим хүчний хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой бөгөөд Засгийн газраас тогтоосон журам нь үнийн хөнгөлөлт, урамшуулал гэсэн хоёр янзаар үйлчлэх юм байна. Цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдсон цахилгаан халаагуур бүхий ‘’Цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ’’ байгуулсан хэрэглэгчийн цахил­­гааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэл тооцож, хэрэглэсэн цахилгааны үнийг нь хөнгөлөх юм. Ингэснээр шө­нийн тарифын хямдралын хугацаа өмнөхөөсөө зургаан цагаар уртасч буй.

Хөнгөлөлт олгох цахилгааны сарын хэрэг­лээний дээд хязгаар 3600 кВт.цаг байх аж. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх ёстой бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар тутам тогтоосон хугацаандаа төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байх ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар шөнийн цахилгааны тариф 40 төгрөг байгаа бөгөөд журам хэрэгжиж эхэлсэн тохиолдол 20 төгрөг болж хямдрах юм.

Харин хязгаарлалтын бүсэд байгаа 100 мянга орчим өрх нь боловс­руул­сан түлш, коксон түлш хэрэг­лэж, гэрээ стандартын дагуу дулаал­сан, сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн, агаарын бохирдлыг буу­руу­лах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд урамшуулалд хамрагдах аж. Дээрх урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдахын тулд хаана хандах вэ гэдгээ иргэд сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр журамд тусгасан нөхцөлүүдийг хангасан айл өрх  оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт эхлээд хандах гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ айл хязгаарлалтын бүсэд оршин суудаг, журамд тусгасан нөхцөлүүдийг хан­­га­сан гэсэн албан бичгийг Засаг даргын Тамгын газраасаа аваад Улаан­­­баатар цахилгаан түгээх сүл­жээ компанитай гэрээ байгуулах юм.

Хязгаарлалтын бүсэд оршин суудаг айл өрхийн эдлэх эрчим хүч­ний хямдралын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний бай­гуул­лагад олгож байх бөгөөд үүнд Сангийн сайд хяналт тавих гэнэ. Түүнчлэн агаарын бохирдлыг буу­руу­лах аж­лын явц, үр дүнгийн талаар жил бүрийн зургадугаар сард Эрдэс, баялаг, эрчим хүчний  сайд  болон Нийс­лэлийн Засаг дарга Засгийн газарт танилцуулж байх үүрэг авсан.

Засгийн газраас гаргасан журам, тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 100 мянга орчим өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Хөнгөлөлтийг энэ сарын 1-нээс эхлүүлэхээр Зас­гийн газраас шийдвэрлэсэн ч  “Улаан­баатар цахилгаан түгээх сүлжээ” компанид Засгийн газрын шийд­­вэр өнөөг хүртэл албан ёсоор ирээ­гүй байгаа гэнэ. Тиймээс иргэд хэзээнээс  Засгийн газрын зарласан “sale”-д хамрагдах нь одоогоор тодорхойгүй байна.

Ж.Эрхэс

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж