Эрчим хүчний нөөц дэд станц ашиглалтад оров

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний нөөц дэд станц ашиглалтад оров

Баянхонгор аймаг цахилгаан дамжуулах нөөц дэд  станцтай боллоо. Энэхүү дэд станц нь улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм.

Нөөц дэд станц ашиглалтад орсноор ойрын 10 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн хувьд өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ найдвартай хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн ямар нэгэн гэмтэл саатлын үед цахилгаан тасалдах бэрхшээл үүсэхгүй ажээ.

Баянхонгор аймаг зургаан жилийн өмнө төвийн эрчим хүчний  нэгдсэн сүлжээнд холбогдсон.  Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий гурван сумаас бусад нь төвийн эрчим хүчинд холбогдоод байгаа юм. Эрчим хүчний хэрэглээ байнга  өсөн нэмэгдэж байгаагаас  таван жилийн өмнө суурилуулсан 110.35.6 квт-ын дэд станц ачааллаа дийлэхгүйд хүрээд байв.
Тиймээс ч Баянхонгор цахилгаан дамжуулах дэд станцыг өргөтгөхөөр УИХ-ын гишүүн Г.Занданшатар болон  аймгийн удирдлагууд  холбогдох байгууллагуудад танилцуулж, шийдвэрлүүлэхээр уламжилсаны  дүнд хөрөнгийн эх үүсвэр шийдэгджээ. Нөөц дэд станцын өргөтгөлийн нээлтийн ёслолд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, Засаг дарга Д.Амарсанаа болон холбогдох албаныхан оролцлоо.

Нөөц дэд станц байгуулах ажлын тендерт Улаанбаатар хотын “Ойгон нуур энерги” компани шалгарч гүйцэтгэгчээр ажиллажээ.

Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж