Байгаль орчны бодлогыг ”төрхөмд” нь буцаав

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Байгаль орчны бодлогыг ”төрхөмд” нь буцаав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газраас оруулж ирсэн байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги нь хэт ерөнхий байна гэж хэд хэдэн гишүүн шүүмжилсэн ба “тогтоолын төслөөс шинэчлэл үнэртэхгүй, бодлого харагдахгүй байна” гэх хатуу үгсийг ч тогтоолын төсөл боловсруулагчид руу чулуудав.

Үндсэнд нь энэ хурал дээр хэлсэн саналын дийлэнх хувийг шүүмжлэл эзэлж байлаа. Гишүүн Д.Энхбат “экологийн аюулгүй байдал хамгийн гол асуудал. Экологийн стандарт, аюулгүй байдлын талаарх төрийн бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэх ёстой. Байгалийн нөөцийн менежментээс шалтгаалж улс орны хөгжил тодорхойлогдог. Гэтэл эдгээр асуудлууд тогтоолын төсөлд тусаагүй байна” гэв. Түүний араас гишүүн Ж.Энхбаяр “тунхгийн чанартай, лоозогносон нуршуу цаас хэрэггүй” хэмээн шуудхан хэлсэн ба байнгын хорооноос анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулах санал гаргав. 

Түүнчлэн компани болгон өөрсдийнхөө дураар зам тавьж, усны хайгуул хийж, цахилгаан станц барьж байна. Эдгээр асуудлыг төрийн бодлогоор цэгцлэх цаг болсон. БОАЖЯ өөрөө ямар ч эрх мэдэлгүй, асуудлыг араас хөөцөлдөх юм бол ямар ч сайхан бодлого, шийдвэр гаргаад ач холбогдолгүй. Иймд газар, лиценз олголт, дэд бүтэц, усны асуудлыг олон газар мэддэг тогтолцоог болих хэрэгтэй гэх үгс ч ар араасаа дуулдав. Мөн байгаль орчны салбарт хэт олон хууль батлагдсан ч хэрэгжилт сул, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх ёстой, байгаль орчинтой холбогдолтой УИХ-ын шийдвэр, тогтоол хэрэгжихгүй байгаа нь Засгийн газрын огцрох эсэхтэй холбоотой. Учир нь Үндсэн хуульд хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хариуцна гэж заасныг ч хөндөж байлаа. Ийн шүүмжлэл өрнөсний эцэст гишүүдийн олонх тогтоолын төслийг боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэнээр хуралдаан өндөрлөсөн юм.

Б.Мандах

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж