
Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зарим хүчин зүйлд хийсэн судалгаанаас харахад нийслэлийн агаар дахь тоос, тоосонцор 2-27 дахин их хар тугалга, нүүрстөрөгч, хүхэр, азот хүчлийн дутуу ислүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин ихэссэн гэсэн дүн гарчээ. Мөн бидний судалгаагаар гэр хорооллын өрхийн 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй жорлонтой, 85 хувь нь шаардлага хангаагүй бохир усны цооногтой байгаа нь гэр хорооллын өрхүүд голдуу бохир ус, ахуйн хаягдлаа ил задгай хаяж орчны хөрс, ундны усны эх үүсвэрт муугаар нөлөөлж улмаар гэдэсний халдварт өвчин ихсэх нөхцөл болж байгаа гэв.
Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны дотор 1980 оны үед амьсгалын замын болон ходоод гэдэсний эмгэг, халдварт өвчний улмаас эндэх явдал давамгайлдаг байсан бол 1990-ээд оноос өөрчлөгдөж, зүрх судасны эмгэг, хорт хавдар, осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол зонхилох болсон байна. Монгол улсад насанд хүрсэн 10 хүн тутмын ес нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчин, осол гэмтлийн улмаас нас барж, энэ нь халдварт өвчин, эхийн эндэгдэл хоол тэжээлийн дутлаас шалтгаалсан нас баралтаас 16 дахин өндөр үзүүлэлттэй байгаа аж. Халдварт бус өвчний шалтгаан болсон тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь манай улсын хүм амын дунд “чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрсэн гэв.
Мөн манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний 10-т ордог гэдгийг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалсан байдаг. Насанд хүрээгүй буюу 20 хүртэлх насны дөрвөн хүний нэг нь тамхи татдаг, дөрвөн хүний гурав нь архи хэрэглэдэг гэсэн харамсалтай тоо ч бий. Хэдийгээр архи, тамхийг хэрэглэхийг хориглосон сурталчилгаа, зөвлөгөө олон байдаг ч томчуудын буруу үлгэр дуурайлал хүүхдүүдэд нөлөөлдөг гэв. Жишээ нь тамхи хайрцаг дээр “үргүй болно”, “уушигны үрэвсэлтэй болгоно”, “амьдралын дайсан” гэх мэт үгсийг бичсэн байдаг ч хүүхдүүд, насанд хүрэгчид ч хэрэглэсээр байгаа. Тиймээс сурталчилаад байхад хэрэглээд байгаа нь тухайн хүний ухамсартай холбоотой зүйл гэв. Тамхигүй эрүүл ирээдүйг бүтээхийн тулд хамгийн түрүүнд тамхигүй орчин, сургууль, гэр бүлийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэдгийг оролцогч мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа “Тамхигүй эрүүл орчныг бий болгох зорилгоор нийслэлийн Хангарьд ордон санаачлан тамхигүй орчин бий болгосон. Одоо нийслэлийн харъяаны төр засгийн байгууллагаас эхлээд бүх албан газар тамхигүй байх хэрэгтэй. Халдварт өчвнөөр өвчлөх нь аюултай ч халдварт бус буюу өөрсдийгөө хамгаалж болох өвчнөөр иргэд өвдөж байна гэдэг харамсалтай. Тиймээс нийслэлийн иргэдийн дундах өвчлөлийг багасгах зорилгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж, арга хэмжээ авах чухал байна. Цаашид салбар нэгжүүд хамтарч ажиллах нь чухал байна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар зүрх судасны өвчнүүд, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүд нь хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2020 он гэхэд өвчлөлийн 60 хувь, нас баралтын 73 хувийг эзлэх магадлалтай гэж тооцоолсон байна. Тиймээс бид эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэж байх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой аж. Мөн иргэдийн өвчлөлийг багасгахын тулд төсөв мөнгөний зохицуулалтыг нэмэгдэлтэй гаргах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааг иргэдэд олгох шаардлагатай гэв.
Өнөөдөр дэлхий дээр цусны даралт ихсэх зовиуртай 1,5 тэрбум хүн, харин чихрийн шижин өвчтэй 246 сая хүн амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлийн хэмжээнд 2010 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан:
/10000 хүн амд/
Амьсгалын тогтолцооны өвчин 954.85
Хоол шингээх эрхтний өвчин 849.26
Бэртэл, хорлдлого, гаднын шалтгаант өвчин 828.88
Цусны эргэлтийн тонтолцооны өвчин 648.06
Шээс бэлгэсийн тогтолцооны өвчин 612.83-ийг эзэлж байна.
Харин 2010 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд:
Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 31.6%
Хавдар 21.3%
Гадны шалтгаант өвчлөл ба үхэл 19.8%
Хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин 8.94%
Амьсгалын тогтолцооны өвчин 4.18%-ийг эзэлж байна.
"Ардын эрх" сонин