Боксчдод эрх авах ганц боломж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Боксчдод эрх авах ганц боломж үлдлээ


“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадам эхлэхэд найман сар үлдлээ. Өдгөө Монголын хөнгөн атлетик, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харвааны спортын нийт есөн тамирчин Будант Альбионы нийслэлийг зорих эрхтэй болоод буй. Ер нь хүн төрөлхтний спортын их наадамд оролцохын тулд тамирчид ямар шалгуур давах ёстой вэ? Манай сонин олимпийн наадмыг угтаад монголчуудын өндөр амжилт үзүүлэх магадлалтай спортын сонгон шалгаруулалтын тухай цувралаар хүргэж байгаа. Эхний удаа чөлөөт бөхийн спортын эрх авах журмын тухай танилцуулсан бол энэ удаа боксыг онцолж байна.

Олимпийн наадам өнгөрсөн жил Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ноос баталсан шинэ буюу эрэгтэйчүүдийн 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91, +91 кг-ын жинд болно. Түүнчлэн анх удаа эмэгтэйчүүдийн тэмцээн олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд тэд 51, 60, 75 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм. Ингээд нийт 13 төрөлд 286 ширэн бээлийтэн тулалдах болсон. Тодруулбал, ОУОХ болон AIBA-гаас эрэгтэйчүүдийн 49, 52, 81 кг-ын жинд тус бүр 26 эрх, 56, 60, 64, 69, 81 кг-д тус тус 28, -91 ба +91 кг-д тус бүр 16, эмэгтэйчүүдийн гурван жинд тус бүр 12 эрх олгохоор тогтсон билээ.

Эрэгтэй боксчдын хувьд олимпийн эрх авах хамгийн эхний бөгөөд боломжтой тэмцээн нь өнгөрсөн есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-нд Азербайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ байв. “Баку-2011”-ийн доод талын найман жинд тус бүр 10 (Зөвхөн 52-кг-ын жинд ес. Уэльсийн Эндрю Селби, Английн Халид Яфай болзол хангасан. Гэхдээ олимпийн наадамд Селби Их Британийн нэрийн өмнөөс тоглоно), доод хоёр жинд тус бүр зургаа, нийт 91 эрх эзэндээ очсон. Анхандаа эдгээр жинд найм, дөрвөн эрх олгох болзолтой байсан бөгөөд 49-81 кг-д медалийн төлөө өрсөлдсөн, хүнд хоёр жинд медаль хүртсэн тамирчид Лондонг зорих эрхээ авсан. 49 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д дунд шөвөгт шалгарсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Их Британийн нийслэлд хүч үзэх болсныг бид мэднэ.

Харин ДАШТ-ий дараа жин бүрт нэмж хоёр эрх олгосон бөгөөд үүнийг доод найман жинд 1/8, дээд хоёр жинд ¼ шигшээд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад ялагдсан нь хүртсэн билээ. Өөрөөр хэлбэл, гавьяат тамирчин Н.Төгсцогт /52кг/, ОУХМ Д.Отгондалай /56кг/ нарыг бага шөвгийн тоглолтод ялсан тамирчид цааш амжилттай тоглож, алт, мөнгөн медальд хүрсэн бол манай ширэн бээлийтнүүдийн авсан олимпийн эрх хоёроос ч илүү байж болох байлаа.

“Баку-2011” ДАШТ-ээс гадна өөр таван тамирчин эрх аваад байгаа. Тэд бол AIBA-гаас санаачлан, 2010-2011 оны улиралд зохион байгуулсан “Дэлхийн лиг”  (World  Series of Boxing)-ийн хувийн дүнгээр ялагчид. Энэхүү тэмцээн таван жинд зохион байгуулагддаг бөгөөд дээрх ялагчид бол Казакстаны Канат Абуталипов /56кг/, Францын Рашид Аззедине /60кг/,  Азербайжаны Солтан Мигитинов /75 кг/, Алжирын Абделхафид Бенчабла /81кг/, Италийн Клементе Руссо / -91 кг/, юм.

Монголчуудын найдлага тавьдаг, “Топ” хэмээгддэг спортын төрлүүдээс олимпийн эрх олгох хамгийн хатуу шалгууртай нь бокс. ДАШТ болон “Дэлхийн лиг”-ээс эрх авч чадаагүй тамирчдад өдгөө ганц л боломж үлджээ. Тэр нь тив бүрт болох эрхийн төлөөх тэмцээн. Тодруулбал, Далайн орныхон ирэх оны гуравдугаар сарын 23-29-нд Австралийн Дарвинд, азиуд дөрөвдүгээр сарын 1-8-нд Казакстаны Астанад, америкчууд 11-20-нд Бразилийн Рио-де-Жанейрод, европчууд 14-22-нд Туркийн Стамбулд, африкчууд дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 7-нд Мароккогийн Касабланкад тулалдах юм. Энэхүү тэмцээнд эрхээ авсан тамирчин оролцохгүй. Хэдийгээр эрхийн төлөөх нэг тэмцээн үлдсэн ч зорилгоо биелүүлэх тун амаргүй байх болно. Шигшээд шалгарах, зарим жинд түрүүлэхгүй л бол Лондонг зорих тухай бодоод ч хэрэггүй юм.

Олимпийн наадамд Ази тивээс 56 тамирчин орлцох дүрэмтэй бөгөөд 49, 52, 56, 60, 64, 69 кг-д зургаа, азиуд хүчтэй өрсөлддөг 75, 81 кг-д долоо, угаасаа цөөн тамирчин өрсөлдөх -91, +91 кг-ын жинд тус бүр хоёр эрх бий. Астанад болох Азийн бүсийн эрх олгох тэмцээн ямар ширүүн уур амьсгал дунд болохыг жишээгээр тайлбарлая. Монголчуудын үеийн үед өндөр амжилт үзүүлж ирсэн жин нь 60 кг. Гэвч энэ жингийн Азийн зургаан эрхийн тав нь хэдийнэ эзэндээ очсон. Манай тивийн тамирчдаас Фазлиддин Гайбнаразов /Узбезстан/, Хан Сон Чул /БНСУ/, Жай Багван /Энэтхэг/, Гани Жайлауов /Казакстан/, Сайлом Ади /Тайланд/ нар ДАШТ-ээс эрхээ авсан. Тиймээс Астанагийн рингэнд энэ жинд түрүүлсэн тамирчин л Лондонгийн тухай бодож болох юм. Түүнчлэн 49 кг-ын жинд манай П.Сэрдамба тэргүүтэй “Шар тив”-ийн зургаан тамирчин эрхээ авсан тул энэ жинд эрх олгох тэмцээн болохгүй аж. Өдгөө азиудад -91, +91 кг-д нэг, 56, 69, 81 кг-д гурав, 52, 64-кг-д дөрөв /Энэ жинд манай У.Мөнх-Эрдэнэ эрх авсан/, 75 кг-д таван эрх үлдээд байна.

Монголын тамирчдын дунд олимпийн эрх олгох ганц тэмцээнд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн өрнөж буй. Сүүлчийн боломжийн төлөө хэн явахыг ирэх оны эхээр болох Монголын бүх ард түмний спортын наадмын /Хуучнаар МБАТС/ боксын тэмцээн шийдэх аж. Энэ дундаас хамгийн анхаарал татаж буй нь 56 кг-ын жин. Энэ жинд Д.Отгондалай тун сайн тоглож байгаа бөгөөд ДАШТ-д  олимпийн эрхийн төлөөх тоглолтод туслах оноогоор ялагдаж азгүйтсэн. Гэхдээ энэ нь түүнийг Астана руу явна гэдгийг баталж чадахгүй. Учир нь “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган энэ жинд олимпийн аваргаа хамгаалахыг хүсч буй. Ямартай ч Монголын бүх ард түмний спортын наадмаас энэ мэтчилэн олон асуултын хариу тодрох юм.

Эцэст нь, эмэгтэй боксчдын эрхийн тэмцээний тухай өгүүлье. Гэзэгтэй тамирчдын хувьд анхнаасаа нэг тэмцээн байсан нь ирэх оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 10-нд БНХАУ-ын Чунцинд болох ДАШТ юм. Эмэгтэйчүүдийн бокс шинэ тутам хөгжиж буй. Тиймээс хэдэн жилийн өмнө шигшээ баг байгуулж, олон улсын тэмцээнүүдээс юм дуулгах болсон манай бүсгүйчүүдэд боломж бий.

Эрх авсан тамирчид:

49 кг /10 боксчин/: Каэ Понгпраяоон /Тайланд/,  Зоү Шимин /БНХАУ/,  Хосе де ла Ниеве /Испани/,  Давид Айрапетян /ОХУ/, Пүрэвдоржийн Сэрдамба /Монгол/,  Йосвани Вейтиа /Куба/,  Девендро Сингх /Энэтхэг/,  Жон Хун Шин /БНСУ/,  Марк Баррига /Филипин/,  Жереми Бекку /Франц/

52 кг /9/: Миша Алоян /ОХУ/, Элвин Мамишазе /Азербайжан/, Рауши Уоррен /АНУ/, Ясурбек Латипов /Узбекистан/, Винченцо Пикарди /Итали/, Майкл Конлон /Ирланд/, Эндрю Селби /Их Британи/, Робейси Рамирес /Куба/, Чатчай Бутдее /Тайланд/

56 кг /11/: Канат Абуталипов /Казакстан/, Детелин Далакиев /Болгар/, Люк Кемпбэлл /Их британи/, Орзубек Шайимов /Узбекистан/, Жон Жо Невин /Ирланд/, Сергей Водопьянов /ОХУ/, Анвар Юнусов /Тажикистан/,  Ласаро Альварес /Куба/, Жозеф Диас /АНУ/, Витторио Парринелью /Итали/, Махомед Амине Куадахи /Алжир/

60 кг /11/: Рашид Аззедине /Франц/, Доменико Валентино /Итали/, Миклош Варга /Унгар/, Фазлиддин Гаибнаразов /Узбекистан/, Ясниэль Толедо /Куба/, Хан Сон Чул /БНСУ/, Жай Багван /Энэтхэг/, Гани Жаилауов /Казакстан/, Василий Ломаченко /Украйн/, Робсон Консейсао /Бразил/, Сайлом Ади /Тайланд/,

64кг /10/: Денис Беринчук /Украйн/, Гейбатулла Хажйалиев /Азербайжан/, Том Сталкер /Их Британи/, Монаж Кумар /Энэтхэг/, Гюла Кате /Унгар/, Эвертон Лопес /Бразил/, Винченцо Манжиакапре /Итали/, Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /Монгол/, Антони Йигит /Швед/, Жонатан Алосо /Испани/,

69кг /10/:  Эррол Спенсе /АНУ/, Серик Сапиев /Казакстан/, Эгидиюс Кавалиаускас /Литва/, Фред Эванс /Их Британи/, Андрей Замковой /ОХУ/, Викаш Кришан Ядав /Энэтхэг/, Василий Белоус /Молдав/, Тарас Шелестюк /Украйн/, Алексис Вастине /Франц/, Ясүхиро Сүзүко /Япон/

75 кг /11/: Солтан Мигитинов /Азербайжан/, Риота Мүрата /Япон/, Даррен О Нил /Ирланд/, Данабек Сужанов /Казакстан/, Эскува Флорентино /Бразил/, Александр Дреновак /Серб/, Богдан Журатони /Румын/, Андраник Хакобян /Армен/, Эвхен Хитров /Украйн/, Золтан Харча /Унгар/, Штефан хартел /Герман/,

81 кг /11/:
Абделхафид Бенчабла /Алжир/, Егор Мехонцев /ОХУ/, Мен Фанлон /БНХАУ/, Александр Гвоздик /Украйн/, Адилбек Нияазимбетов /Казакстан/, Элышод Расулов /Узбекистан/, Дэмьен Хупер /Австрали/, Эхсан Рузбахани /Иран/, Хулио Ла Крус /Куба/, Энрико Кёллинг /Герман/, Хейссон Монрой /Колумб/
-91 кг /7/: Клементе Руссо /Итали/, Александр Усик /Украйн/, Сергей Карнеев /Беларусь/, Теймур Маммадов /Азербайжан/, Ван Шуаншуан /БНХАУ/, Артур Бетербиев /ОХУ/, Хосе Лардуэт /Куба/

+91 кг /6/:
Энтони Жошуа /Их Британи/, Эрик Прайфер /Герман/, Иван Дичко /Казахстан/, Магомедрасул Мажидов /Азербайжан/, Эрисланди Савон / Куба/, Роберто Каммарелле /Итали/

Д.Нанжид

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж