“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдлээ

 “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдлээМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.  Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол морин хуурын аялгуу, Уяхан замбуу тивийн наран уртын дуугаар танхимынхаа жаврыг үргээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга үг хэлснээр эхэллээ. Тэрээр хэлэхдээ “Хүмүүн төрөлхтний оюун ухааны нэгэн том ололт бол санаа бодлоо бичгээр илэрхийлэх болсон явдал билээ. Манай эриний өмнөх Х зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан овог аймгуудад анхлан авианы бичиг үүсч улмаар эл авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин хэлний цагаан толгойн эх сурвалж болсон бөгөөд харин дорно зүгт дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгур, Монгол бичгийн үндэс болжээ.

Монголчууд бидний өвөг дээдэс Хүннү, Сяньби, Тоба, Жужан нар тусгай бичигтэй байсныг судлаачид баталсан төдийгүй Кидан нарыг Х зууны үед их, бага хоёр бичигтэй байсны дурсгал ч эдүгээ олдсоор байна.

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч эрт цагийн үг, өгүүлбэрийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр эдүгээд ирсэн нь монгол хэлний хөгжил, хувьсал бол бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу.

Бидэнд өвлөгдөн ирсэн одоогоор мэдэгдэж байгаа монгол бичгээрх олон дурсгал байгаагийн хамгийн эртнийх нь Санкт-петербург хотын Эрмитажид хадгалагдаж буй Чингисийн чулууны бичиг, мөн Ватиканы нууц архивт байгаа 1246 онд Гүюг хаанаас Ромын Пап ламтанд илгээсэн албан захидал, Парис хотноо хадгалагдаж буй 1295 онд Ил хан Аргунаас Францын ван Гоо Филиппэд илгээсэн захидал, мөн дэлхий нийтийн энх амгалангийн тухай агуулга бүхий 1295 онд Ил хан Өлзийтөгс Францын ван Гоо Филиппэд илгээсэн албан захидал зэрэг юм.

Дээрх алдарт бүтээлүүд нь түүх, угсаатан, антропологи, хэл шинжлэл, утга зохиол, газар зүй, гадаад харилцаа зэрэг олон салбар ухааны нийлэг уулзварыг багтаасан дурсгалд зүй ёсоор орно. Нөгөө талаасаа өнөөдрийн уран бичлэгийн анхны бичвэрийн тиг, хэв маягийг цогцлоон хадгалж ирсэн гэдгээрээ Монголын бичгийн соёл хийгээд уран бичлэгийн түүхэнд томоохон байр суурь эзлэх бүтээлүүд болой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 7 дугаар сард “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргаж, үндэсний бичиг соёлоо өртөөлөн авч явахад үлэмж их хувь нэмрээ оруулахыг ард олондоо уриалсан билээ. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд нэлээд ажил хийгдэж байгаагийн нэг нь “Мөнх тэнгэрийн бичиг” шилмэл уран бичлэгийн үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд дэглэгдсэн бүтээлийн дотоод орон зайд бидний өвөг дээдсийн бичиг соёлынхоо төлөө мятрашгүй зүтгэсээр ирсэн түмэн алжаал мянган зүдрэлийн шим түүх, соёл, урлаг болон гэрэлтэж буйг хэлэхэд магнай тэнэгэр байна. Уран бүтээлч Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн ивээл дор

Монгол бичиг бадамлан мандах болтугай” гэв.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Д.Төмөртогоо, уран бичигч Д.Батбаяр нар нээлтийн тууз хайчлав. Нээлтийн ёслолд оролцогчдыг төлөөлж МУИС-ийн Хэл соёлын сургуулийн гавьяат багш Ш.Чоймаа, уран бичигч Д.Батбаяр нар үндэсний бичиг соёлоо дээдэлсэн үзэсгэлэн гаргаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт талархан  үг хэлж, “Хүн төрөлхтний бичиг соёлыг их далай хэмээвээс түүний нэг цутгалан нь монгол бичиг билээ” хэмээн тэмдэглэж байлаа.

Нээлтийн ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итали Улсад айлчлахад нь Ватиканы архиваас өгсөн Их Монгол Улсын Гүюг хаанаас Ромын Пап IV Инносент Николайд явуулсан захидал, Ил-хаан Хасанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидлын хувийг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын үндэсний төв номын санд хадгалуулахаар хүрээлэнгийн захирал С.Чулуун, номын сангийн захирал Х.Чилаажав нарт хүлээлгэн өгч,  тус үзэсгэлэнд бүтээлээрээ шалгаран оролцож буй Д.Батбаяр, Ц.Тамир, Ц.Бямбажав, Э.Найдандорж, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Т.Жаъяансүрэн, Д.Баттөмөр нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дурсгалын өргөмжлөл гардуулж баяр хүргэв.

Уран бичигчид монгол бичгээр хэрхэн урлагийн бүтээл туурвидгаа бодитойгоор харуулж, цаасан дээр бийрээр үгс таталган үзэсгэлэнгийн нээлтэд оролцогчдыг гайхшрууллаа. Мөн нээлтийн ёслолд Монгол Улсын гавьяат жижигчин, уртын дууч Г.Хонгорзул, “Сүлд” чуулгын дуучин Б.Базардорж, Э.Сүнжидмаа, “Монгол эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд, “Нүүдэлчдийн давалгаа” хамтлагийнхан ая дуу, үзүүлбэрээрээ цугласан олонд мялаалга өргөлөө.

Энэхүү үзэсгэлэн нь монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн  зарлигийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх зорилготой билээ. Уран бичлэгийн уг үзэсгэлэнг энэ сарын 16-20-нд ажиллуулах юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж