
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн одоогийн хүчин чадал нь жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Энэ оны хувьд ачаа тээвэрлэлтийг 19.5 сая тоннд хүргэхээр ажиллаж байгаа. Жил тутамд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөн нэмэгдэж буй бөгөөд ирэх жилд 21 сая тонныг давах төлөвтэй гэнэ. Үүнд бэлтгэлтэй байхын тулд “Улаанбаатар төмөр зам” нь хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан гэрээнд заасны дагуу “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх хүрээнд дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр болсон. ОХУ-ын хувьд 125 сая ам.долларыг энэ оны төсөвтөө суулгасан. Монгол Улсын Засгийн газрын хувьд 2012 оны төсөвт суулгаад байгаа. Ингэснээр тус нийгэмлэгийн паркийг шинэчлэх талд нэлээд томоохон ажлууд хийгдэх боломжтой болох аж. Гэхдээ транзит тээвэрлэлтэд анхаарал хандуулахгүй бол Монгол Улс түүнээс ашиг олох боломжоо улам бүр алдах болжээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хэлснээр бол ОХУ нь Манжуур руу ачаагаа хүргэхдээ Монгол Улсыг тойруулж транзит тээврээр дамжуулан мод, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх болжээ. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулбал тойруу байдал нь багасч тэр хэрээр үнэ хөлс нь хямд тусна. “Улаанбаатар төмөр зам” бол Орос, Монголын хамтарсан компани. Энэ утгаараа аль аль талдаа ашигтай байдлаа бодох ёстой ч, хүнийрхүү загнаж ирсэн. Эцэстээ энэ байгууллага нь шахааны бизнес эрхэлдэг газар болж хувирсан тухай шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Я.Батсуурь тус нийгэмлэгийг монофоль загнаж дуртай үедээ ачаа тээвэрлэлтийнхээ үнийг нэмэгдүүлж, танил талгүй иргэдийн ачааг зөөвөрлөхгүй гэж шантаажлан хүнд суртал гаргадаг тухай хэлээд авлаа.
Тус нийгэмлэгийн хувьд ачаа тээвэрлэлт дээр мөрддөг тариф нь гадаадынханд нэг өөр, дотоодын хэрэглэгчдэд үйлчилдэг үнэ тариф нь бас ондоо аж. Дотоодын хэрэглэгчдийн ачааг нэг тонныг нь 21 ам.доллараар ачдаг бол гадаадынхыг 18 ам.доллараар ачдаг. Өөрөөр хэлбэл, нэг тонн ачаа тутамд дотоодын хэрэглэгчид 3 ам.доллараар өндөр үнээр ачаагаа тээвэрлүүлж байгаа. Ямар шалтгаанаар үнэ ханш ийм зөрүү байгааг тодруулахад, гурван улсын хэлэлцээрт заасны дагуу ийм үнэ тариф мөрдөхөөс аргагүй байдаг гэсэн тайлбар хэллээ.
Уг нь энэ байгууллага нь транзит тээврийнхээ хэмжээг нэмэгдүүлчихвэл Монгол Улсад тусах ашиг ихэсэх гэнэ. Харамсалтай нь, энэ асуудал дээр хоёр тал хаа хаанаа санаачлага гаргадаггүй. Судалгаагаар бол жилдээ дэлхийд транзит тээврээр гурван тэрбумын ачаа тээвэрлэгддэг байна. Дээрх ачаанаас нэгхэн хувийг Монгол Улс авахад л жилд 30 саяын транзит ачааг авах боломжтой. Албаны хүмүүсийн тайлбараар бол дэд бүтцээ сайжруулахгүйгээр энэ ажил явахгүй. Нэгдүгээрт, одоогийн төмөр замынхаа муруй тахир замуудыг засч, стандартын шаардлага хангуулах. Хоёрт төмөр замынхаа хурдыг нэмэгдүүлэх, гуравдугаарт цахилгаанжуулах шаардлагатай юм байна.
Дээрх нийгэмлэгтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүлээлт үүсгээд байгаа нэг асуудал нь хувь эзэмшлийг нэмэгдүүлэх тухай юм. Тодруулж хэлбэл, төмөр замын 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулан Монголын талын хувь хэмжээг 51 хувьд хүргэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар ОХУ-д удаа дараа тавьсаар ирсэн ч тоймтой шийдвэр гаргаж өгөхгүй байгаа аж. Үүнээс болж “Улаанбаатар төмөр зам”-ыг Монгол Улс давуу эрхээр өөрчлөн шинэчлэх ажлыг толгой мэдэн хийх боломж хязгаарлагдмал байдаг байна. Гэхдээ хоёр талын хамтарсан хуралдаанаар тус нийгэмлэгт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гарч, дөрвөн чиглэлээр зорилт тавин ажиллаж буй юм байна.
Нэг зүйлийг онцолход, Монгол Улс нь 2007 онд Монголын төмөр зам гэдэг нэг айлыг бий болгосон. Тус газар нь “Улаанбаатар төмөр зам”-ын зам дээгүүр ачаа тээвэрлэлт хийх боломжтой. Бие даан ачаа тээвэрлэхийн тулд зургаан зүтгүүр, 240 вагон худалдаж авахаар шийджээ. Удахгүй энэ нь ажил хэрэг болох тул “Улаанбаатар төмөр зам” дан ганц монофоль загнаж байна гэх асуудал багасах бололтой.