В.Нямхандын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан В.Нямхандад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд  улсын яллагчаар  Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Т.Жанцан  нар оролцож,  төрийн нууцтай холбоотой  хэрэг учир шүүх хуралдааныг хаалттай явууллаа.

Шүүх хурал саяхан дуусаж, В.Нямхандын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.

Түүнд үүсгэсэн 79.1-т заалтаар бол Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол  16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан В.Нямхандад өмнө нь эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр буруутгаж байсан ч зүйлчлэл нь өөрчлөгджээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж