Хятад Монголын эдийн засгийн найдвар гэж үү

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Хятад Монголын эдийн засгийн найдвар гэж үү

Европ, АНУ-аас үүдэлтэй санхүүгийн хямрал эгээ л 2008 оны эдийн засгийн хямралыг эргүүлээд авчирчихсангүй. Юутай ч Грекийн шинэ ерөнхий сайд Европын холбооны тусламжийг хүлээн авахаа мэдэгдсэний дараа санхүүгийн зах зээлд бага ч болов нааштай дүр зураг харагдаж, алт зэсийн үнэ өсч эхэллээ.

Гэхдээ дэлхийн санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, хүлээлттэй байдал үргэлжилсээр байна. Энэ цаг мөчид Монгол Улс ирэх оныхоо төсвийг түүхэнд байгаагүй өндөр зарлага болон хөрөнгө оруулалттайгаар баталж, эдийн засгийн өсөлтийг 26 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байгаа. Цаашид ч өндөр өсөлт үргэлжлэх болно хэмээн улстөрчид итгэлтэйгээр хэлж байна.

Европ, америкчууд төсвийнхөө зардлыг танаж, хямралыг даван туулах гэж зүдэрч байхад Монгол Улсын эдийн засаг хүссэн хүсээгүй 26 хувиар өснө гэх аж. Хэрэв үнэн бол сайхан л байна. Гэхдээ улстөрчдийн хэлээд байгаа 26 хувийн өндөр өсөлт, Европ, Америкийн хямралаас болж замхран алга болох вий гэх болгоомжлол төрөөд байх юм.

Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны судлаачид өрийн хямрал Монголд нөлөөлнө хэмээн анхааруулж эхэллээ. Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн гуравдугаар улирлын тайланд “Өөдрөг төсөөлөл биелэхгүй байх тодорхой эрсдэлүүд байна. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн байдал муудвал төсөвт төвлөрөх орлого зогсох эсвэл одоогийн хандлага өөрчлөгдөх магадлалтай, нүүрсний экспортод тээврийн нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой хязгаарлалтууд тулгарч болно” гэжээ.

Харин Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Барнэтт “Хэт өндөр өсөлт олон бэрхшээл дагуулдаг. Өндөр инфляци ядуу иргэдэд хамгийн хортой. Дэлхийн эдийн засаг тааруу байгаатай энэ бүхэн давхцаж байна. Монгол Улсад чухал ач холбогдолтой эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурах магадлал өндөр боллоо” гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Энэ мэтээр гадны байгууллагуудын дүгнэлт Европын санхүү, эдийн засгийн хямрал даамжирвал Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэдгийг анхааруулсаар байна.

Харин манайхан үүнийг сонссон ч сонсоогүй юм шиг тайван суух ажээ. Нөгөөтэйгүүр Европ хямарсан ч Хятад тэсч үлдэнэ гэх таамаглал манай бодлого боловсруулагчдыг тайвшруулаад байх шиг. Манай улс ашигт малтмалын бүтээгдэхүүнийхээ 85 хувийг зөвхөн урд хөрш рүү экспортолж байна. Урд хөрш ч манайхаас байгалийн баялгийг их хэмжээгээр худалдан авах сонирхолтой, бас эрэлттэй байгаа. Энэ тохиолдолд Хятадын эдийн засаг сайн байгаад, Монголоос авдаг юмаа авч байвал хямрал Монголыг дайрахгүй гэж үзэх хүмүүс байна.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат 25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Европ, АНУ хямраад ам.доллар болон еврогийн ханш уналаа гэхэд юань ганцаараа тэсч үлдэнэ. Тийм ч учраас ам.доллар болон еврог орлох дараагийн мөнгөн тэмдэгт юань гэж яриад байгаа. Тэгэхээр Европ, Америк хямарсан ч Хятадын эдийн засаг тогтвортой, дотоодын эрэлт нь өндөр хэвээр, юанийн ханш чанга байгаад манайхаас гарч байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнийг авсаар байвал айх зүйлгүй” хэмээн тодотгожээ.

Үнэний хувьтай байхыг үгүйсгэхгүй л дээ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20 жилд зөвхөн урд хөршөөсөө хамааралтай болчихсон шүү дээ. Гэхдээ улстөрчдийн хэлж байгаа шиг Монгол Улс хямралд өртөх эсэх нь ч бас урд хөршөөс хамаарна гэж үү. Үгүй байх аа.

Дэлхийн эдийн засгийн хямрал 2009 он гарсаар Монголд нөлөөлж, хоёр ч банк дампуурсан. Монгол Улсын эдийн засаг 2009 оныг хүртэл тасралтгүй өссөөр хоёр оронтой тоонд хүрээд байсан ч 2009-2010 онд 1.6 хувиар унасан билээ. Харин нөгөө талд БНХАУ-ын эдийн засаг 2009-2010 он буюу хямралын жилд есөн хувиар өсч, дэлхийн рекорд тогтоосон. Эндээс харахад ч тэр зөвхөн урд хөршийг хараад суугаад байх нь зохимжгүй болж байгаа биз.

Хэрвээ үнэхээр л Хятадын худалдан авалтаас бүх зүйл шалтгаалдаг байсан юм бол хямралын жилийг Монгол Улс ажрахгүй л даваад гарчихаар байжээ. Гол хамааралтай улс болох Хятадын эдийн засаг өссөн юм чинь. Гэхдээ бодит байдалд тийм зүйл болоогүй. Хятадын эдийн засаг өссөн, Монголынх унасан. Бас нэг зүйлийг тодотгоход тэр үед ч бас хятадууд Монголоос шаардлагатай байгалийн баялгаа авдаг л байсан.

Яах вэ, нүүрсний экспорт тэр үеийнхтэй харьцуулахад бага зэрэг өссөн байх. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд ч бас Европ, Америк хямарсан ч Хятад байж байвал болох нь тэр гэж тайвшраад суугаад байж боломгүй байна. Тэрний оронд хятадуудад түүхийгээр нь өгч байгаа нүүрсээ боловсруулж, коксжуулж магадгүй эрчим хүч болгоод зарах хэрэгтэй. Цаашдаа бол зөвхөн Хятад биш Япон, Солонгос, Европ, Америк руу Монголын баялаг гарч байх ёстой. Энэ чиглэлд төр засгаас бодлого баримталж байгаа ч Хятад Монголын эдийн засгийн НАЙДВАР ГЭЖ ҮҮ ойрын хэдэн жилдээ хятадууд хамгийн том түнш байх нь дамжиггүй юм. Тэглээ гээд хямрал болсон ч Хятад аварна гээд суугаад байж болохгүй шүү дээ.

Эцсийн дүндээ Европ, Америкийн зах зээл маш хүндээр хямарвал Хятадын тэдгээр орнууд руу гаргаж буй экспортын хэмжээ буурч, орлогод нь муугаар нөлөөлнө. Нэгэнт Хятадын орлого багасаад ирвэл Монголоос авдаг эрдэс, баялгийн бүтээгдэхүүнээ авахаа зогсоохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй хямрал Монголд 2009 оных шиг хүндээр биш юм гэхэд нөлөөлөх эрсдэл байсаар байна. Энэ эрсдэлээс яаж хамгаалах ёстой вэ.

Байгалийн баялагтай орнуудад ганц л сайн туршлага байдаг. Тэр нь тогтворжуулалтын сан. Манай улс 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталж, тогтворжуулалтын сантай болсон ч 2011 онд лав тэнд хуримтлал үлдээсэнгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэх нэрийн дор шавхаад дуусгачихав. Дараа нь 2012 онд гэнэтийн хямрал болбол тогтворжуулалтын санд төсвийг тогтвортой байлгах хэмжээний хөрөнгө үлдсэнгүй бололтой. Тийм байхад ч гэсэн “Хятад л Монголын найдвар юм” гээд суугаад байх хэрэг үү. Уг нь Монголын найдвар Монгол өөрөө л баймаар юм даа.

Л.Энхдэлгэр
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж