Цагдаагийн ажилтан хил даван зугтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтан хил даван зугтжээ

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байсан 31 настай, О.Пүрэвсүрэн гэх эмэгтэй /тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж байжээ/ хил даван оргон зайлжээ. Түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байсан ч сэжигтнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр ТЕГ-т харьяалал тогтоон шилжүүлээд байсан аж.

О.Пүрэвсүрэн нь дэд ахлагч цолтой албан хаагч бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хамт олныхоо эд зүйлийг хулгайлсан, бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж, багагүй хэмжээний хохирол учруулсан юм байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчид түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, хил нэвтрэхийг хориглосон тогтоолоо Хил хамгаалах байгууллагад хүргүүлж амжаагүй байсан тул сэжигтэн хил даван оргосон байна. Тиймээс тус албаны ажилтнуудын хайхрамжгүй үйлдлийг анхааралдаа авч, цаашид ийм явдал гаргахгүй байх тухай мэдэгдлийг Нийслэлийн прокурорын газраас Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад хүргүүлээд байгаа гэсэн мэдээлэл байна.
Сэжигтэн О.Пүрэвсүрэнг 2008-2009 оны үед дээрх хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд энэ хугацаанд тэрбээр өөрийнхөө нэрээр болон О.Саруул гэх хуурамч нэрээр хэд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн аж. Түүнийг О.Саруул гэх нэртэй иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулсан байсныг эх сурвалж хэллээ.

Т.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж