Цэргүүдэд мэргэжил эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Цэргүүдэд мэргэжил эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай авч хэлэлцээд тогтоол баталсан байна. Тогтоолд тусгаснаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор ажил олгогч нарын саналыг харгалзан мэргэжилтэй ажилтныг бэлтгэх. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинээр бэлтгэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талд анхаарал хандуулах. Цэргийн албан хаагчдыг мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд сургаж, хугацаат албаа хаагаад дуусахад шууд ажлын байртай, хэрэгцээт мэргэжлээр ажиллаад явах нөхцөл бололцоог бий болгох ёстой гэж үзэн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг өгсөн байна. Мөн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхдээ салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинээр бий болгоход анхаарах. Сургуулиудын хувьсах зардлыг нэмэгдүүлэх талд ажиллах шаардлагатайг энэхүү тогтоолд зааж өгсөн юм байна. Энэ талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дээрх тогтоол батлагдсанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн дэмжлэг болох төдийгүй мэргэжилтэй ажилтнуудыг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр сургахад томоохон түлхэц болно гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарал хандуулсны дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулах үед уг сургуульд суралцагсдын тоо 27 мянга байсан бол одоо энэ тоо 2.5 дахин нэмэгдэж 67.5 мянгад хүрсэн байна. Дээрх хэмжээнд хүрэхэд нэг талаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд суралцагчдад сар тутамд тэтгэмж олгож дэмжлэг үзүүлсэнтэй холбоотойн зэрэгцээ Оюутолгой төслийн шугамаар мөн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж, ажлын байраар шууд хангаж эхэлсэн нь суралцагчдын тоог нэмэгдүүлжээ. Нөгөө талаас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль төгсөгчдийн хувьд их, дээд сургуулийг төгсөгчдийг бодвол ажлын байр нь бэлэн, авдаг цалин нь өндөр байдаг нь дээд боловсролын диплом өвөртлөн гудамжинд лааз өшиглөж явснаас мэргэжилтэй ажилтан болсон нь амьдралд нэмэртэй гэдгийг ойлгосонтой холбоотой аж.

Засгийн газрын лхагва гаригийн хуралдаан өндөрлөөд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж