
Өнөөдрийн нэвтрүүлэг “Архигүй ирээдүй ба иргэний оролцоо” сэдвийн дор өрнөх юм. Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, албаны бусад хүмүүс оролцож нийгэмд архидан согтууралтыг бууруулахад юу хийх нь зохистой талаар үзэгчидтэй санал бодлоо хуваалцана.
Архи, архидалт гэдэг сэдэв өнөөдрийн Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байна. Монгол Улс сүүлийн таван жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, дээр нь 75,5 сая литрийг гаднаас импортлон оруулж ирсэн нь 2,7 сая хүн амтай улсын хувьд дэндүү хэтэрсэн өндөр үзүүлэлт гэдэг нь тодорхой. Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 55,1 хувийг пиво, 33,9 хувийг архи, 10,6 хувийг спирт, 1003,5 мянган литр буюу 0,4 хувийг дарс тус тус эзэлжээ. Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 05 тоот тушаалаар 2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон юм. Гэтэл өнөөдөр энэ тушаал хэрэгжихгүй байгааг зарим жишээнээс харж болно. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар спиртийн 12, архины 91, шар айрагны 14, дарсны найман үйлдвэр согтууруулах ундаа үйлдвэрлэж:, диско баар 941, караоке баар 568, ресторан, зоогийн газар 4034, кафе 579 ажиллаж, орон сууцны хороололд 3441, гэр хороололд 4951 хүнсний дэлгүүр архи, дарсаар үйлчилж, бөөний төв 251 бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаагаас үзвэл булан тохой бүрт шахам арх худалдаалдаг байдал өөрчлөгдсөнгүй.
Тавь шахам сая толгой мал сүрэгтэй Монголын нийслэлийн иргэд хуурай сүүний хольцгүй шингэн сүү олж уух гэвэл нэлээд эрэл сурал болох авч дотроо халаах сархдыг хэдхэн алхаад хүртчих боломж нээлттэй хэвээр байна. Статистикаас үзэхэд 2009 онд 20373 гэмт хэрэг гарсны 4255, 2010 онд 19825 гэмт хэрэг бүртгэгдсэний 4610 нь согтуугийн гайгаар гарчээ. Сархад хүртсэн үедээ үйлдсэн гэмт хэргийн тоо 8,3 хувиар өсч, Монгол Улсад гарсан нийт гэмт хэргийн дөрөвний нэг орчим хувийг эзэлжээ. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөлийн тэргүүнд архидан согтуурах явдал шууд холбогддог нь илэрхий.
Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 64900 буюу 59,1 хувь нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 18265 буюу 16,6 хувь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, 10296 нь буюу 9,3 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хаана байгаа болон очих газраа мэдэхгүй болсон, 8042 буюу 7,3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 5793 буюу 5,2 хувь нь гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон, 2503 буюу 2,2 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасны улмаас эрүүлжүүлэх байранд хүргэгджээ. Эрүүлжүүлэхэд хүргэгдээгүй бол амь нас, эрүүл мэндээрээ өөрөө хохирох, эсвэл бусдын амь нас, эрүүл мэндэд халдаж орон шоронгийн хаалга татах хоёрхон зам хүлээх байсан биз.
Энэ байдлаас Монгол даяараа гарч эрүүл саруул амьдрах ёстойг иргэд ухаарах болсон нь том дэвшил юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд уриалга гарган одоо улс орны хэмжээнд “Архигүй монголын төлөө” аян өрнөж байна.
Ерөнхийлөгч архигүй аяныг Төрийн ордноос эхлүүлж, төрийн албан ёсны хүлээн авалтуудыг архигүй хийлгэхээр болсон нь төсвийн хэмнэлттэйгээс гадна дээрээсээ эхлэн сархад хэрэглэхгүй байх зарчмыг тогтоож байгаа хэлбэр боллоо. Гаднын өндөр дээд зочид айлчилж баримт бичиг баталж гарын үсэг зурсны дараа оргилуун дарс тулгадаг заншил аль ч улс оронд бий. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч үүний оронд жимсний шүүс, сүү тулгах шинэ заншил нэвтрүүлээд байна. Аяны хүрээнд архигүй загвар аймаг, сум, баг болох хөдөлгөөн өрнөж, архигүй хурим, архигүй төгсөлтийн баяр, архигүй хамт олон, архигүй галт тэрэг зэрэг арга хэлбэрээр энэ нь амьдрал дээр биеллээ олж байна.
Улмаар “Архи идээний дээж” гэсэн хэвшмэл ойлголтыг “сүү идээний дээж” гэсэн утгаар солих, “сүү бол идээний дээж, сүү амьдралыг тэтгэнэ” гэсэн сурталчилгааг өргөжүүлэх, шашин, соёл урлаг, уламжлалаар дамжуулан соён гэгээрүүлэх ажил хийж сэтгэл зүйд хүргэх эмчилгээ болгох, “архичин” гэсэн доромж ойлголтыг халж, донтох өвчтэй болсныг өөрт нь эвтэйхнээр ойлгуулан нийгэмшүүлэх, архинд донтох өвчтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, зан үйлийг өөрчлөх үйлчилгээ үзүүлдэг, архинаас гарахыг хүсэгчдэд цугларалт зохион байгуулдаг, бодисын хамаарлаа хамтдаа даван туулахад нь зориулсан нэр хаяггүй кафе зэрэг газруудыг бий болгох, санхүүжүүлтийг дэмжих зэрэг эерэг хөдөлгөөн иргэдийн дунд өрнөх таатай эхлэлүүд харагдах боллоо.
Уг нь монголчууд эртнээс “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэсэн том философтой байсан ард түмэн. “Амс, хүрт, уу” гэсэн эрэмбэ дарааллыг анхаарч харвал дөч хүрсэн хүн сархдад уруул хүргээд буцаах, тавь хүрсэн хүн жүнзтэй архийг өмнөө тавьж амсах төдий хүртэх, жар хүрч ноён нуруу нэгэнт тэгширсэн хойноо тааваараа уух дараалалтай байжээ. Далай багш ч монголчуудад хандаж архиа бага ууж айргаа тааваараа хүртэхийг зөвлөсөн.
Архигүй аян өрнүүлснээр монголчууд савнаасаа бусдыг дийлдэг сархдаас холдож, эв эетэй эрүүл саруул аж төрөх шинэ сайн цагийг эхлүүлнэ. Энэ сайн цагийг наашлуулахын төлөө иргэд бид нэгдэж өнөө оройн нэвтгүүлэгт анхаарлаа хандуулна уу.