”Голдман сакс”-ын зөвлөх Италийн ерөнхий сайд болов

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

”Голдман сакс”-ын зөвлөх Италийн ерөнхий сайд болов

Италийн шинэ Ерөнхий сайд 68 настай Марио Монти Силвио Берлусконигоос эрс ялгаатай дүр төрхтэй хүн. Царайны тухай энд ярьсангүй. Харин амьдралын хэв маягийг нь онцолсон юм. С.Бер­лускони дуулиан шуугиантай амьд­рал, шар хэвлэлийн мэдээнүүдээр баян болохоос биш эдийн засаг, зах зээлтэй холбоотой үг хэл, үйл хөдлөл тэр бүр гаргадаггүй. Харин М.Монти бол Европын холбооны нэгдүгээр зэргийн түшмэдүүдийн нэг, нэр хүндтэй эдийн засагч юм. “ВВС” агентлаг түүнийг хэлэлцээр хийхдээ гаршсан хүн хэмээн тодорхойлжээ. Аюулд орсон Италийн эдийн засгийн нөхцөл байдал М.Монтигийн ачаар харьцангуй сайжирч ч мэднэ. Харин “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банкны олон улсын салбар хариуцсан зөвлөх гэх албан тушаал нь түүний карьерыг нэлээд эрсдэлд оруулж магадгүй аж.

Марио Монти 1943 онд Италийн хойд  хэсгийн Варисе хотод төржээ. Хожим нь Миланы Боккони их сургууль, АНУ-ын Йелийн их сур­гуульд эдийн засгийн чиглэлээр су­ралцаж, төгссөн байна. Турины их сур­гуульд эдийн засгийн ухааны хи­чээлийг 15 жилийн турш заасны дараа М.Монти 1984 онд Бокконийн их сургуулийн захирлаар томилогджээ. Харин 1994 онд түүнийг Европын холбооны дотоод зах зээл, үйлчилгээ хариуцсан төлөөлөгч болгох саналыг С.Берлускони тавьснаар М.Монти энэхүү албан тушаалд очсон бай­на. Дөрвөн жилийн хугацаатай томилогддог энэхүү албанд 1999 онд хоёр дахиа улиран сонгогдсоных нь дараа түүнийг “Супер Марио” хэмээн нэрлэх болсон юм. Шалтгаан нь тун энгийн. Германы томоохон банкуудын өрсөлдөөн, “Женерал Электрик”-ын нэгдэлтэй холбоотой маргааныг зохицуулж чадсан бо­лохоор нь тэр. М.Монтигийн хий­сэн хамгийн дуулиантай алхам нь “Майкрософт” корпорацийг зах зээлд хэтэрхий монополь байдал тогтоож, хэрэглэгчдийг хуурч бай­на хэмээн буруутгасан явдал юм. Европын холбооны санхүүгийн зо­хицуулагчид түүний саналыг дэм­жиж, “Майкрософт” корпорацийг 2004 онд 497 сая еврогоор торгосон. Билл Гейтс өмнө нь хэзээ ч ингэж шалдаа бууж байгаагүй юм.

М.Монтин Брюссельд ажиллах үед Италийн зүүний хүчний төлөөлөл болсон Ерөнхий сайд асан Массимо Д.Алема түүнийг Европын холбооны төлөөлөгчийн ажилд дахин санал болгож байжээ. Харин С.Берлускони 2004 онд Италийн улс төрд эргэн ирснийхээ дараа зөөлөн яриатай, дипломатч зан нь давамгайлсан эдийн засагчаас татгалзах болжээ. Тиймээс Супер Марио 2005 онд Бок­конийн их сургуульд эргэн ирж, ерөнхийлөгч нь болсон бай­на. Италийн парламентын доод тан­химын дарга Жаянфранко Фини “Түүнд туршлага бий. Италичуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн хэрнээ Европ даяараа танигдсан түүн шиг хүн байхгүй” хэмээн М.Монтиг тодорхойлжээ.

М.Монти өнгөрсөн оны ар­ваннэгдүгээр сард Италийн пар­ламентын гишүүн болсон. Харин түүнийг Италийн Ерөнхийлөгч Жиоржио Наполитано Засгийн газ­рын тэргүүнээр ажиллахыг хүссэнээр бүх зүйл өөрчлөгджээ. С.Берлускони ч бас түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Супер Мариогийн хувьд цорын ганц дутагдалтай тал нь түүний улс төрийн тавцан дахь туршлага дутмаг байгаа нь юм. “Financial Times” сонинд “С.Бер­лусконигийн Эрх чөлөөний нам олонх хэвээр байгаа Италийн парламент М.Монтигийн хэлсэн санал бүрийг дэмжихгүй” хэмээн дүгнэжээ.

С.Берлускони Италийн улс төрд бараг 18 жилийн турш хамгийн нөлөөтэй хүн нь байж чадсан. Өнөөдөр тэр огцорлоо. Үүнд нь баярласан олон мянган хүн Миланы гудамжинд жагсацгаасан. Гэхдээ С.Берлускони огцорлоо гээд түүний тэргүүлж буй нам хүчирхэг байдлаа алдана гэсэн үг биш юм. Тиймээс энэ нь Супер Мариогийн ажилд саад болж ч мэднэ. Өдгөө 75 настай С.Берлускони Италийн хэвлэл мэ­дээл­лийн салбарыг мэдэлдээ бүрэн авсан тэрбумтан юм. Тиймээс түү­ний дэмжлэггүй зүйл бүтэхгүй гэх таамаг ч байна. С.Берлусконигийн гэр бүлийн мэдэлд байдаг “Milan Daily” сонины эрхлэгч “Бидэнд санхүүгийн хямралыг авчирсан банк­наас тусламж хүсч байна. Яг л гал тавьсан хүнээс галаас аврахыг гуйхтай адил” хэмээн бичсэн байна.

М.Монти өнгөрсөн сард Евро бүсийн дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ хямралын үед үл хөдлөх хөрөнгийн татвар, чинээлэг иргэдээс авах татвар зэргийг нэмж, банкны хадгаламжийн хөрөнгөд шалгалт оруулах санал тавьж байв. Гэхдээ одоо түүний хийх эхний ажил нь билэгдлийн төдий зүйл байна хэмээн шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, цалинг бууруулах, Ита­лийн парламентыг ажил хийж бай­гаа юм шиг харагдуулах гэх мэт. Магадгүй италичуудын сүүлчийн итгэл найдварын оч нь Супер Марио ч байж болох юм. С.Берлусконигийн сонгуульт хуга­цаа уг нь 2013 онд дуусах байв. Гэхдээ тэр хугацаанаасаа өмнө ог­цорсон учраас италичууд дахин сонгууль явуулж магадгүй гэж ажиг­лагчид таамаглаж байгаа. Гэхдээ одоо­хондоо товлосон зүйл байхгүй. Тиймээс М.Монти Засгийн газраа хэр удирдан чиглүүлэхээс хамаарах бо­лолтой. С.Берлусконигийн хувийн амьдралын дуулиан, улсынхаа чи­­нээлэг, тансаг амьдралын дүр зур­гаас залхсан италичуудад одоо хам­гийн хэрэгтэй хүн нь тэр байж ч мэднэ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж