
“Японд хүчтэй газар хөдлөлт, цунами болсноос хойш найман сарын хугацаанд далайн эрэг болон эвдэрч сүйдсэн байшингуудаас 2,65 тэрбум орчим иен буюу 33,9 сая ам.доллар олдсон гэж тус улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ”. Сонин гарчиглаж суугаад ийм зүйл олж үзээд зогтуслаа. Юунд ч юм, хачин их атаархав. Загатнасан газар маажсан юм шиг л хорхой гозолзож байна. Цааш нь үргэлжлүүлж уншлаа. “Олдсон мөнгөний 98 хувь буюу 33,1 тэрбум иений эзэн болон өв залгамжлагчийг тогтоож гардуулан өгсөн байна. Цагдаагийн ажилтнууд олдсон мөнгөн тэмдэгтийн бохирдсон хэсгийг цэвэрлэж, угааж хатаах гээд нарийн ажил хийжээ…” гэсэн байх юм. Мөн догь оо. Энэ үед хамгийн эхлээд юу бодогдсон гэхээр “Тийм их хэмжээний мөнгийг, тэр балгасан дундаас олсон бол мөн сайхан аа…” гэхээс илүүтэй тэндхийн цагдаа нарын маанагийг гайхсан юм. Нуух юм алга. Соёлтой, гэрэл гэгээтэй газар гэдгийг нь тэртээ тэргүй дэлхий нийт мэдэж байхад нэг л их үнэнч шударгын туйл болсон хүмүүс. Япончууд гэж ёстой дүүрсэн улс юм. Ялангуяа тэр цагдаа нар нь. Ямар юмаа хийж тэр их мөнгийг хүмүүст нь буцааж өгч байгаа хэрэг вэ. Эзэн болон өв залгамжлагчийг нь тогтоож гардуулан өгсөн ч гэх шиг. Хэнхэг амьтад. Зарим нь хөөрхий, тэр цунамид өртөөд хорвоогоос явчихсан л байгаа шүү дээ. Тэгэхэд чинь нэг их хүн чанартай царай гаргаад хаа хамаагүй нэг нөхөрт аваачаад өгчихсөн дөө. Ойлгомжтой. Өмнөөс нь дотор арзаганаад байх юм. Эсвэл манайхан шиг хэвлэлээр зориуд ийм мэдээ тарааж худлаа пиардаж байгаа даа, муу санаатай юмнууд. Манайхан л гэхэд яалаа даа. Хөгжилтэй орон гэж бодолгүй япончуудад хүүхэд хөгшидгүй овоо их хандив өгсөн. Бусад улс орон ч ийм жишгээр л хандсан байх. Тэгэхээр хүмүүнлэгийн тусламжийн шугамаар өөр улс орнуудаас баахан юм авчихсан болохоор тэд тэрэндээ бантаж байж магадгүй. Тэгвэл ч бас яахав. Гол нь ажлын хэт их хэнээтэй, дээрээс нь хэзээ үхэхээ мэдэхгүй байж ийм их хүнлэг энэрэнгүй “мужик” цагдаа нар тэнд байгаа гэдэгт л үнэмшиж өгөхгүй юм. Яг явж очоод харвал манайхнаас ялгарахгүй л юмнууд байгаа даа. Манай цагдаа нар тэдний оронд байсан бол яана аа. Ёстой бужигнуулж орхисон доо. Хувцасныхаа онгорхой цоорхой руу тэр их мөнгөнөөс атга атгаар чихээд л, уутанд боож залгиад л яаж сэргэлэн загнах бол. Дарга нартайгаа сэм ярьж байгаад “хор” хутгаж гүйлдээд л, хувь тохирч цөм хийгээд л. Ер нь тэртээ тэргүй алга болсон мөнгө л юм чинь яадаг юм. Хэрвээ олоогүй байсан бол яах уу. Ингээд бодсон чинь манай цагдаа нар ч арай өөр юм аа. Гаднаас нь харсан ч, дотор тал руу нь өнгийсөн ч тэр. Арай л жавхаалаг, хүн сүрдмээр шүү. Цагдаа нэрэндээ яг тохирч байгаа юм. Харин тэр Японы цагдаа нар гэж мөнгөн тэмдэгтийн хог шороо цэвэрлээд унжийгаад явж байхдаа таарсан наалинхай юмнууд л байгаа, тааж ядах юмгүй. Манай энэ төр засгийн томчууд ядахдаа долоо хоног ч болтугай хоёр улсын цагдаа нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солилцож ажиллуулах талаар гэрээ энэ тэр хийгээсэй. Ц.Нямдорж сайд л гэхэд одоо “гудамжны” Н.Энхбаяр гэж нөхөртэй ингэж хэрүүл уруул болж байхаар ийм юм сэдэж байвал өөрт нь л хэрэг болохоор санагдах юм. Цагдаа нарын ар гэр, нийгмийн асуудлыг шийдэх бас нэг энгийн арга, байж болох хувилбар шүү дээ. Гэр хороололд амьдарч байгаа цагдаа нар ядаж японд очоод хэний ч дүрэм, журамгүйгээр тэр их мөнгөнөөс ганц өрөө байр авах хэрийн юмыг өөрийнхөө хүчээр олоод л ирнэ дээ. Бид яаж ийгээд болж л таарна. Эхэндээ дасахгүй жаахан эвгүй л байх биз. Нахисхийтэл дөчин таван хэмээр бөхөлзсөн япон цагдаа нар Улаанбаатарын гудамжаар баяр баясгалантайгаар инээмсэглэж өдөр, шөнөгүй хөлхөлдөнө л биз. Гэхдээ Японы цагдаа нар ч бас манайхаас хоосон буцахгүй байх. “Автобусанд мөнгөө суйлуулчихлаа, яах вэ” гэж төрийн цагдааг “доромжлохоос” нь урьтаад хүний хаана нь яаж цохивол “чадруулахгүй” нам болгох, замын голд ганц цаг зогсоод хэдий хэрийн мөнгө олж болох, авгай нартай хэрүүл хийхдээ яг ямар технологи хэрэглэх вэ гээд суралцах юм мундахгүй дээ. Архи уучихаад гудамжинд хэлээ зажлаад хэвтэж байгаа нөхрийг сугадаж босгоод гэрийн хаягийг нь асуухаасаа өмнө халаасанд нь нэгд нэгэнгүй үзлэг хийхийг тэд нар мэдэхгүй л байгаа. Хэргийн гол эзнийг олохгүй бол өөр хэн нэгнийг үсдэж аваачаад “Ганц”-д хоёр сар суулгаж ял сонсгоод тушаал ахихаа одоо болтол ойлгоогүй л яваа. Цагдаа бол хүчний байгууллага биш, иргэдэд үйлчилгээ үзүүлэх учиртай гэж манайхан хуульчилсан боловч үнэн хэрэгтээ ёстой лөөлөө л байна. Нэгэнт л төр, засгаас хүлээн зөвшөөрөөд “Та нарын өөдөөс олон долоон юм яриад байвал иргэн хэнийг ч ялгалгүй зодоорой гэж бороохой, сарвалзаад бүр болохгүй бол хүлээрэй гэж гав, дургүй хүргэвэл нам болгоорой гэж буу зэхэж өглөө” гээд байхад иргэдэд өөр юугаар, яаж үйлчилгээ үзүүлэх юм. Ойрын хэдэн жилдээ л лав Японы цагдаа нар шиг наад захын хөгшин эмгэн, ажилгүй Баагийгийн хойгуур урдуур бөхөлзөж нялцганахгүй ээ, манайхан. Тэрэнд эргэлзэх хэрэггүй. Гадаадын нийтлэг жишиг гэвэл ийм л жандармтай байдаг. Хойд Солонгос, Киргиз, Зааны ясан эрэг, Замби, Мозамбик, Габон гээд нэрлэж болно. Манайхан эдгээр улсын энд бараг хүрсэн цагдаатай гэдгээрээ бахархах учиртай. Зарим хүн манай Монголын цагдаа нар дэндүү харгис, ёс суртахуунгүй ч гэх шиг балай юм ярьдаг. Тэднийхээр бол Япон шиг “хөлдүү” цагдаатай байх нь л дээ, завхарсан юм энд л байна.
Н.Мөнхтөвшин"Улс төрийн тойм" сонин
