Гадаад руу оюутан зуучилдаг компаниудыг шалгав

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Гадаад руу оюутан зуучилдаг компаниудыг шалгав

Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо болон Боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн үнэлгээний төв хамт­ран өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 10-ны хооронд гадаад улс руу солилцооны чиглэлээр оюутан залуусыг зуучлагч байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 50-70 гаруй байгууллага байдаг ч зарим нь нэр төдий байдгийг уг шалгалтаар тогтоожээ. Дээр дурьд­сан гурван байгууллагын зүгээс 30 гаруй зуучлагч байгууллагад шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаа олгож, албан бичгээр хяналт, шалгалт хийх тухайгаа ажлын удирдамжтайгаа явуулсан аж.

Тус шалгалтад “AAAA-Mon­golian national Youth exchange agency”, “Prince World”, “New link international”, “Star travel”, “Open World”, “IEC Mongolia”, “Inter Exchange Mongolia”, “The Global leadership foundation”, “United Work and Travel Mongolia”, “The Bridge of Education and Development Mongolia”, “United World”, “Pre­mium International”, “One World” зэрэг байгууллагууд  хамрагдсан байна.

Шалгалтын яв­цад нийт 13 байгууллагын үйл ажиллагааг нэг бүрч­лэн шалгасан бөгөөд дараах зөрчлүүд илэрчээ. “Prince World” байгууллага нь Монголоос явуулсан оюутнаа, буцаж ирсэн эсэхийг нэг ч удаа албан ёсны бүртгэлээр баталгаажуулаагүй байна. Мөн дээрх байгууллагуудаас компанийн дотоод дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр заагдсан үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулж байгааг ч илрүүлсэн байна. Тэр  ч бүү хэл Залуучууд, соёл солилцооны үндэсний агентлаг шалгалтын комиссынхонд “Манайх танайх шиг жижиг гаруудад шал­гуулаад байх шаардлага байхгүй” гэх утгатай хариу өгсөн гэж байгаа. Мөн “IEC Mongolia” компани нь ОХУ-аар дамжуулан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг нь илэрчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх буюу гэрчилгээ  авчихаад ОХУ-ын нэр бүхий зуучлалын компаниар дамжуулан зуучлах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байсан гэсэн үг. Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд, дүрэм журамгүй зуучлах компаниудыг хэн хянах нь асуудал, эргэлзээ, асуулт дагуулж байгаа юм. Хэрэв Боловсрол, соёл солилцооны хө­төлбөрийн үнэлгээний төвийнхөн шалгалт хийгээгүй бай­сан бол энэ байдал хэдий болтол үргэлжлэх байсан бол. Тус төвийг өнгөрсөн хавар байгуулжээ. Ирэх сард бас их, дээд сургуулиудын оюутнуудыг АНУ болон Европ руу зуучилж байгаа арав гаруй компанид шалгалт явуулах гэж байгаа гэсэн. Эдгээр шалгалтын гол зорилго нь гадаадад соёл солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутан суралцагчдын эрх ашгийг хамгаалах, зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлж, нэгдсэн стандарттай болгох, оюутан суралцагчдыг үнэн бодит мэдээллээр хангахад орших аж.

Энэ төрлийн зуучлалаар гадаад яваад ирсэн зарим оюутан хаана, хэнд гомдол гаргах тал дээр учраа олдоггүй талаар ч онцолж байв. Тиймээс дээрх тохиолдлоор хохирсон оюутан гомдолтой гэж үзэж байгаа бол Хүний эрхийн комиссоор шалгуулах боломжтой аж. Зуучлалын байгууллагуудын нийтлэг зөрчил нь хууль хяналтгүй, эрх зүйн орчин дутмаг, эргээд хариуцлага хүлээх эсэх нь эргэлзээтэй байдаг нь дээрх шалгалтын үеэр ил болжээ. Энэ талаар эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байгаа гэсэн. Дээрх байгууллагууд нь тодорхой хэм­жээний мөнгө авч, гадаадад зуучлахдаа нисэх буудлаас үдэж өгөхөөс өөр үйлчилгээ үзүүлдэггүй талаар ч Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Мэдээлэл хяналт үнэлгээний газрын нэгэн мэргэжилтэн онцолж байлаа. Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл “Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагад тавих хяналт муу байна. Гадаадын их, дээд сургуулиудтай холбоотой гэх гэрээ, албан ёсны бичиг баримт тун цөөхөн байгаа нь харамсалтай” гэсэн юм. Оюутан зуучлах төрлийн бизнес эрхэлж байгаа байгууллагууд ихэвчлэн залуусын сэтгэлгээн дээр “тоглож” байна гэхэд хилс­дэхгүй. Манай улсын нийт оюутны 60-75 хувь нь “Боломж гарвал гадаадад суралцана” гэсэн судалгаа байдаг. Тэгвэл тэрхүү судалгаан дээр дөрөөлсөн байгууллагууд ихсэж байгаа нь харамсалтай. Эдийн засгийн хувьд ч, мэдээллийн хүрээ бага байгаагаас тэр. Элдэв зовлон, бэрхшээлийг таньж мэдэхгүй оюутнууд хаа сайгүй гадаад явах хүсэлтэй байгаа нь боловсролын салбарын хувьд нийтлэг үзэгдэл болсон. Сүүлийн үед Азийн орнууд руу сургалтаар зуучилдаг компаниуд ихсэж бай­гаа­тай холбогдуулж нийслэлийн Цаг­даагийн албанаас хүний наймаанд өртөхгүй байхын тулд тухайн зуучлагч компанийг сайн судлах талаар сэрэмжлүүлэг хүртэл цацах болсон. МУИС-ын эдийн засгийн сургуулийн оюутан Г.Нямцэнгэл “Уг нь нэг талаасаа хүн бүр, оюутан болгон гадаадад сурч боловсрох бүрэн боломж нээгдэж байгаа нь авууштай. Гэвч тэднийг ашиглаж байгаа зарим зуучлагч компанийн гэрчилгээг хураах боломж байдаггүй юм уу” хэмээн дээрх асуудал дээр байр сууриа илэрхийлсэн.  

Эдийн засаг нь сайжрах тусам, чанартай, сайн сургалтыг оюутан залуус сонирхож эхэлсэн ч тэдний сурч боловсрох хүсэл зорилгод дөрөөлж өөр нэг хүчин зүйл саад болж байгаа тод жишээ энэ юм. Тухайлбал, эдийн засгийн гарц хайж олоод ар гэрийнхэн нь гадаад руу сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн нэг зуучлалын компаниар явуулдаг. Эцэст нь гадаадад очоод сургууль нь баталгаатай байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Улмаар сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэх орчин нь давамгайлж золтой л хар тамга даруулахгүй эх орондоо ирж байгаа олон оюутан бий. Цаашид энэ төрлийн оюутан зуучлалын компаниудыг хэн, хаанаас зохион байгуулж, хөгжүүлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.   

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж