П.Сэрдамба “Сарын шилдэг тамирчин” болов

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба “Сарын шилдэг тамирчин” болов

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, USB телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Сарын шилдгийг тодруулахдаа онлайн санал асуулгаас 50 хувь, үлдсэн 50 хувийг сарын шилдгийг дүгнэх комиссын саналыг харгалзах аж. Улмаар МҮОХ-ноос аравдугаар сарын шилдэг тамирчнаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбыг тодруулжээ. Тэрбээр есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 10-нд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр боксын ДАШТ-ээс хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон билээ. П.Сэрдамба онлайн санал асуулгаар нийт спорт сонирхогчдын 52 хувийн санал авсан бол комиссын гишүүд санал нэгтэйгээр түүнийг дэмжсэн байна.

МҮОХ-ны “Сарын шилдэг тамирчин”-аар тодорсон П.Сэрдамбад цом, шагналыг энэ сарын 10-нд гардуулах байсан ч боксын үндэсний шигшээ багийн тамирчид Булган аймгийн Хангал суманд байрлах “Олимп” баазад цугларалтад гарсан байгаа тул ирэх долоо хоногоос түүнд шагналыг нь гардуулахаар болжээ. Дашрамд дуулгахад, Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн тамирчид “Олимп” бааз дахь 14 хоногийн хамтарсан бэлтгэлээ дуусгаад ирэх ням гаригт нийслэл ирэх ажээ.

Сануулахад, аравдугаар сарын шилдэг тамирчны төлөөх өрсөлдөөнд П.Сэрдамбаас гадна жүдо бөхийн ОУХМ Г.Болдбаатар, байтын ОУХМ Б.Урантунгалаг, марафонч Б.Сэр-Од, мото спортын тамирчин Э.Халиунболд нар нэр дэвшсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж