Хүн амын 39.2 хувь нь ядуу амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Хүн амын 39.2 хувь нь ядуу амьдарч байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,
соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хамтран Төрийн ордонд “Ядуурлыг
бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд төвшний
уулзалт зохион байгуулж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2010 онд хүн амын
39.2 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Мөн Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийсэн судалгаагаар ажил хөдөлмөр эрхэлж
буй иргэд ядууралд өртөмтгий болж буй нь батлагдсан байна. Энэ нь ажил
хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд ч төрийн халамж хэрэгтэй болж буйг
харуулсан үзүүлэлт гэнэ. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн
Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх шатанд
энэ талын заалтуудыг тусгаж өгөх шаардлага бийг УИХ-ын гишүүд онцоллоо.
Нөгөө талаас халамж зорилтот хэсэгтээ хүрэхгүй байгааг гишүүд
шүүмжиллээ. Тухайлбал, Халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн
найруулгын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Дондогийн
тайлбарласнаар бол Хүний хөгжлийн сангаас Монгол Улсын иргэн бүрт сар
тутамд 21 мянган төгрөг олгоод хоёр жил болох гэж байгаа ч, түүнийг
хүртэж чадахгүй сууж буй ахмад настан орон нутагт бий аж. Тэрхүү ахмадыг
нас барсан хэмээн бүртгэж, 21 мянган төгрөгийг олгоогүй байна. Учир
байдлаа халамж хариуцсан мэргэжилтэнд хэлсэн ч шийдвэрлэж өгөөгүй. Мөн
хоёр нүд нь харахгүй болсон  иргэн групп тогтоолгож чаддаггүй. Халамжийн
сангаас ядуу өрхүүдэд гэр олгодог ч түүнд хамрагдаж чадахгүй нэг гэрт
16-уулаа багталцаж ядан амьдарч байгаа жишээ ч дурдагдлаа. Ахуй
амьжиргаагаа дээшлүүлэх гээд зээл хөөцөлдөхөөр сумынх нь удирдлагууд “Чи
ядуу, чамд барьцаа хөрөнгө алга” гээд өгдөггүй. “Барьцаа тавъя, гурван
сая төгрөгийн зээл өгчихөөч түүгээр жижиг, дунд үйлдвэр байгуулаад ахуй
амьжиргаагаа дээшлүүлэх боломж байна” гэхээр сумын удирдлага нь “500
мянган төгрөгөөс дээш зээл олгохгүй, бага гээд голоод байгаа бол боль”
гэдэг. Эцэст нь зээл хүссэн иргэн нөгөөх 500 мянган төгрөгийг аваад
цагаан сард зориулаад дуусдаг. Уг нь тухайн суманд 100 хүртэлх сая
төгрөгийн зээлийн сан байхад л түүнийгээ удирдлага нь иргэддээ өгдөггүйн
жишээ энэ аж. Энэ бол тухайн орон нутгийн удирдлагуудын сэтгэл
дутсантай холбоотой болохыг санууллаа. Цаашид хариуцлагын тогтолцоог
сайжруулах талд хаа хаанаа анхаарахгүй бол төр засгаас бодлого батлан
хөрөнгө мөнгө зардаг ч орон нутгийн төвшинд энэ мэтээр замхруулаад байх
нь Монгол Улс 1990 оны төвшин дэх ядуурлаасаа салахгүй өнөөдөртэй
золгосонтой нэгэн адил ирэх жилүүдийг ч мөн туулж мэдэхийг анхааруулж
буй юм. Мөн ядууралтай тэмцэхийн тулд зорилтот хэсэгт анхаарлаа
хандуулах. Тэр дундаа Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн үйлчлэл ирэх
зургадугаар сарын сүүлээс эхлэн зогсохоор залгуулаад Халамжийн тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үйлчлэхээр зохицуулалт хийж өгөх
шаардлага бийг ч энэ үеэр дурдлаа. Мөн харж хандах хүнгүй ахмад
настанууд улсын хэмжээнд 300 орчим бий аж. Тэдний дийлэнх нь Батсүмбэр
дэх асрамжийн газарт амьдардаг. Эдгээр иргэдийг асрамжийн газар амьдарч
байгаа гэдэг үндэслэлээр сар тутмынх нь тэтгэврээс 50 хувийг нь
суутгадаг. Тэдний хувьд тэтгэврээ гар дээрээ 100 хувь бүрэн авах
сонирхолтой байгаа. Тиймээс ахмад настных нь тэтгэврийг бүрэн өгөх
чиглэлээр хуулийн төсөл боловсруулан батлах шаардлага байгааг ч
онцоллоо.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн хэлснээр бол мөн л хөдөөд ядуурал
хамгийн их аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2010 оны
судалгаагаар хөдөөгийн хүн амын 47.8 хувь, хотын хүн амын 32.3 хувь ядуу
амьдарч буй аж. Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын цалингийн үнэлгээ
доогуур байдаг нь ядууралд өртөх магадлалыг өндөр болгож байгаа гэнэ.
Тиймээс  хөдөө рүү чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг
мөн анхаарууллаа. Гэхдээ халамжийн бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг
дэмжсэн агуулгатай, иргэдийн хувьд халамжаар амьдрах биш ажил хөдөлмөр
эрхэлж байж амьдрал дээшлэх юм байна гэдгийг ойлгуулсан бодлого чухал
болохыг онцолсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж