Хоёр орны чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Хоёр орны чуулга уулзалт боллоо

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг болон БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймаг, далайн эргийн Леонин мужийн хотуудын хооронд эдийн засгийн хөгжил, харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх “Найман талт хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг гурав дахь удаагаа БНХАУ-ын Жинжөү хотод зохион байгуулж “Ази Европыг холбосон шинэ гарц”-ын дэд бүтцийг бүтээн байгуулах талаар харилцан санал солилцсон байна.

Хятадын далайн боомтоос Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавчийн хилийн боомт хүртэлх төмөр замыг тавиад эхэлсэн бөгөөд 2013 онд ашиглалтад оруулах юм байна. Түүнээс наашаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт улмаар Чойбалсан хүртэл төмөр зам тавибал манай улсын далайд гарах хамгийн дөт зам төдийгүй Ази, Европыг холбосон төмөр замын шинэ гарц бий болох ажээ.

Хоёр орны бүс нутгийн хөгжлийн чуулга уулзалтаас Санамж бичиг үйлдсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэр дээрх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын талаас хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж хамтран ажиллахаар тусгасан байна.

Уг чуулга уулзалтад Монголын талаас УИХ, Засгийн газрын байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, зүүн гурван аймгийн удирдлага оролцсон юм.

Мөн тэр үеэр Шилийн гол, Сүхбаатар аймгийн хооронд найрсаг хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулж, Зүүн хатавч, Бичигт боомтод хил дамнасан эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагааны дүүрэг байгуулах, Баруун-Урт суманд хоёр км хатуу хучилттай зам тавьж, ногоон бүс бий болгох, зочид буудал барьж Шилийн гол аймгийн нэрэмжит гудамжийг тохижуулахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж