Орос “дэлхийн худалдаанд” гарч ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Орос “дэлхийн худалдаанд” гарч ирнэ

Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Оросын эдийн засагт дор хаяж 3 хувийн нэмэлт өсөлт гарах ба оросын иргэд өөрсдийн орлогыг 2-25 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж гарч ирэх болно гэж үзэж байгаа ажээ –

ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-д элсэхэд гол саад болоод байсан Гүрж улсын санал гомдлыг хоёр тал хэлэлцээ хийх замаар харилцан ойлголцсон нь манай хойд хөршийг нэр хүндтэй дээрхи олон улсын байгууллагын гишүүн болгох дардан замыг зассан явдал болжээ. Олонхи ажиглагчдын үзэж байгаагаар бол Орос улс ирэх 12 дугаар сард Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох төлөвтэй байгаа юм.

Ингэснээр дэлхийн бас нэгэн томоохон эдийн засагтай улс орон ямар ч байсан энэ байгууллагад орж таарах нь. Ийм боломжийг олж авахын тулд Орос улс18 жилийн турш шаргуу хөөцөлдсөн бөгөөд тэдний уйгагүй зүтгэл нь дээд амжилт эвдсэн нэгэн сонин түүхийг бүтээж байгаа аж. Өмнө нь БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр мөн л 15 жил хөөцөлдөж байсны эцэст эрхээ авч байсан түүх бий.

Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Орост нөлөөлөх үр дүнгийн талаар янз бүрийн ойлголтууд яригдаж байгаа юм байна. Нэг хэсэг нь Орос улсад энэ үйл явдпал сайнаар тусна гэж үзэж байгаа гэнэ. Тухайлбал Дэлхийн худалдааны байгууллагад элссэний дараагаар Оросын эдийн засагт дор хаяж 3 хувийн нэмэлт өсөлт гарна гэж Дэлхийн банк таамаглаж байна. Мөн Оросын иргэд өөрсдийн орлогыг 2-25 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж гарч ирэх болно гэж гадаадын зарим ажиглагчид үзэж байгаа ажээ.

Нөгөө талаар Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Оросын худалдаа эргэлт нэмэгдэхийн дээр бусад улс орнуудын ижил салбарын өрсөлдөөнд хамрагдан орох тиул хүссэн ч, эс хүссэн ч өрсөлдөх чадвараа одоо байгаагаасаа илүү болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм байна.Даяаршсан энэ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд Оросын худалдаа болон үйлдвэрлэлийн бизнес бага өртгөөр хямд барааг зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь тэдний хувьд эрсдэл мэт боловч харин хэрэглэгчид, худалдан авагчдын хувьд таатай зүйл байх ажээ. Энэ маягаар Оросын эдийн засаг бүхэлдээ илүү бүтээлч, үр ашигтай болж шинэчлэгдэхээс өөр аргагүй болж байгаа юм.

 Энэ бүхний үр дүнд Оросын бараа болон үйлчилгээний үнэ одоо байгаагаас нэлээд хямдарна гэж шинжээчид тооцооолж байгаөа ажээ.Хэрэв Оросын өөрийн үйлдвэрлэгчид болон үйлчилгээнийхэн хямдруулдаггүй юм гэхэд “Макдональдс”- түргэн хоолны сүлжээ зэрэг Москва дахь гадаадын салбар сүлжээнүүдийн бараа,үйлчилгээ хямдрах нь ойлгомжтой болж байгаа ажээ.Түүний дээр Орост хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын зарим гомдол шүүмж алга болох боломжтой болох аж.

Орост хөрөнгө оруулагч гадаадын компаниуд тэдэнд илүү их дарамт ирдэг хэмээн гомдол мэдүүлсээр иржээ. Оросын төрийн албалдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэлтэд хойрго ханддаг, барилга барих зэрэгт шаардагддаг зөвшөөрлийг өгөхгүй уядаг, төрөл бүрийн хяналт,татвар болон эрүүл ахуйн шалгалтуудаар дарамтлдах зэргээр гадаадынхныг ялгаварлах үзэгдэл байнга дагадаг хэмээн зарга хийдэг аж.

Харин Дэлхийн худалдааны байгууллагаас баримталдаг зарчим буюу гишүүн орнуудын эдийн засаг дахь аливаа зохицуулалт ямар нэг ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг шаарддаг нь Орос дахь гадаад хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлнэ гэж таамаглаж байгаа гэнэ. Энэ нь Оросын эдийн засгийг улам нээлттэй, либераль бөгөөд технологи дэвшил чөлөөтэй нэвтрэх бололцоотой болгож өгнө гэсэн найдлага төрүүлж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад ялгаварлан гадуурхалтай холбоотой маш хатуу зохицуулалт үйлчилдгийн нэг жишээг дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д хүртэл мэдрэгдэж байсан түүх бий. Дэлхийн худалдааны байгууллагын дүрмээр бол хэрэв тус байгууллагын гишүүн орон өөр бусад орны зүгээс худалдааны асуудлаар ямар нэг ялгаварлан гадуурхалт амсаж байгаа гэж үзэх юм бол өөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хариу арга хэмжээ авч болох эрхтэй байдаг юм байна. Үүний дагуу Жорж Бушийг удирдаж байх үеийн АНУ-ын эсрэг Европын холбоо томоохон хариу арга хэмжээ авч байсан ажээ.

Тухайн үед АНУ Европын холбооны орнуудын гаргасан төмөрлөгийн бүтээгдэхүүнд худалдааны хориг арга хэмжээ авсан бөгөөд хариуд нь Европын холбоо АНУ-д боловсруулсан төмөрлөгийн зарим бүтээгдэхүүнд хаалт болохуйц өндөр татвар тавьж байсан түүх бий. Эндээс  үзвэл Дэлхийн худалдааны байгууллагад элсэх нь Орос улс бусал томоохон эдийн засагтай, тэднээс өндөр технологитой бусад орны зүгээс ялгаварлан гадуурхах хандлагад өртөхгүй болно гэж харж бас болох ажээ.

Энэ мэтээр Дэлхийн худалдааны байгуулагад элсэн орсноор оросуудын хувьд олж авч болох олон боломж, ашигтай нөхцөлөөс гадна уршиг тарьж болох хэд хэдэн аюул бас байгаа гэнэ. Гишүүн болмогцоо Орос улс үндсэндээ өөрсдөөс нь технологи болон үйлдвэрлэлийн үр ашгийн талаар хамаагүй илүү өндөр төвшинд хүрсэн бусад орнуудтай нэгдмэл зах зээл дээр өрсөлдөх болж байгаа юм. Хэрэв энэ өрсөлдөөнд оросын компаниуд ялагдал хүлээвэл тэдний дампуурлын улмаас олон орос ажилчид ажилгүй болох эрсдэл байгаа аж.

Үүний зэрэгцээ гадаадынхны хөрөнгө оруулалтыг даган их хэмжээгээр орж ирэх техник,технологийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн үр ашиг ихээхэн өсч, харин ажиллах хүчний үнэлгээ тэр хэмжээгээр маш их унахад хүрч магдагүй ажээ. Энэ нь маш олон орос айл өрхийн орлогыг үлэмж хэмжээгээр танана гэж олон шинжээчид таамаглаж байгаа юм байна. Эцэст нь Орост бараа үйлчилгээний үнэ хямдарлаа ч иргэдийн орлого  буурах тул эцсийн дүндээ оросуудын амьдрал тэр л хэвээрээ үлдэх магадлал ч бас байна.

М.Наст

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж